ХЭҮК-оос иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссоос Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэлийн ЗДТГ, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран ирэх сарын 5-8-нд "Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” өдөрлөгийг зохион байгуулна.
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан уриалгын дагуу дэлхий нийтээр иргэд, байгууллага, нийгмийн бүхий л хүрээний оролцоотойгоор хүний эрхийн асуудлыг хөндөж, эрхийнхээ төлөө тэмцэх, эрхээ шаардах талаар кампанит ажлыг бүтэн жилийн турш зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд Дүнжингарав салбар-12 дугаар сарын 5-нд,
Мишээл салбар-12 дугаар сарын 6-нд,
Драгон салбар-12 дугаар сарын 7-нд,
Оргил салбар-12 дугаар сарын 8-нд дээрх өдөрлөг болох юм. Уг арга хэмжээний хүрээнд ХЭҮК-ын 21 аймаг дахь ажилтнууд ирэх сарын 8-нд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар аймаг бүрт иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.
Б.Туул