Т.Цэвээнравдан: “Чацарганы ханд” хэмээх шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 15:25:08

Үргэлж шинийг сэдэж санаачилж, түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэн Увсчууддаа өргөн барьж ирсэн, шинэ бүтээл, оновтой саналын эзэн, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, “Өнгөлөг трейд” компанийн захирал Тангаагийн Цэвээнравдантай ярилцлаа. “Өнгөлөг трейд” компанийн үйлдвэрлэдэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнээс “Хүүхдийн тараг”, “Орос талх” зэрэг бүтээгдэхүүн нь та бидний өдөр тутмын хэрэглээ болж чаджээ.

-Тэгэхээр танай компани хэзээ байгуулагдсан бэ. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна?

-Манай компани 1990 оны 11-р сарын 3-ны өдрийн Увс аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хурлын 63 тоот тогтоолоор “Өнгөлөг хувийн үйлдвэр” нэртэйгээр анх байгуулагдсан билээ.

  Шалны хүрэн хулдаас, цахилгаан гагнуурын электрод, цаасан зүлгүүр, гуранз, точилын чулуу үйлдвэрлэх технологи боловсруулан туршиж шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээ авсан байсан тул тэр чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. 1991 оноос гутлын хар тос, савхины хар будаг, хэвлэлийн хар будаг, бичгийн машины хар тууз, комьпютерын принтерийн туузны хар будаг, гипсэн  сувинер, хуванцар аяга, стакан, хундага зэргийг үйлдвэрлэж байсан. Эдгээрийн технологийг өөрөө боловсруулж, үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг нь зохион бүтээж ашиглаж байв.

  1993 оноос лаа, 1995 оноос нарийн боов, 1997 оноос “Чандмань”, “Ханхөхий” цагаан архи, цэвэр ус, олон жимсний “витапит” жүүс, захиалгаар “Заант хад”, “Таван дэнхэрвээ”, “Давст уул”, “Тээлийн боом” зэрэг цагаан архи, 1998 оноос сүү сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боов зэргийг үйлдвэрлэж байлаа. 2003 оноос хэрчсэн гурил, 3 төрлийн хиам, утсан загас, катлет зэрэг махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехүүдийг нэмж байгуулан ажиллуулж байсан.

-Бүтээгдэхүүнээ хэрхэн яаж борлуулж байв?

-Бүтээгдэхүүнээ борлуулахдаа тусгай дэлгүүр нээгээгүй ээ. Аймгийн төвийн дэлгүүрүүдэд зориулалтын машинаар хүргэж, бөөний үнээр борлуулдаг. Ихэнх сумдад борлуулагч аж ахуйн нэгжтэй гэрээ хийж нийлүүдэг, харин ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгүүдэд зориулалтын машинаар хүргэн өгч үйлчилдэг. Энэ жил аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс тусгай дэлгүүр гаргаж жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах тал дээр дэмжлэг үзүүлж байгаад бид бүхэн баяртай байгаа.

-“Өнгөлөг трейд” компани “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж, бүтээгдэхүүнүүдээ сургууль, цэцэрлэгүүдэд нийлүүлдэг. Тэгэхээр энэ тал дээр ямар нэгэн бэрхшээл хүндрэл гарч байна уу?

-“Үдийн цай” хөтөлбөр нь бидний хойч үе, үр хүүхдийн эрүүл мэнд, сурлага хүмүүжилд асар их ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж эцэг эхчүүд гүн талархалтай байдаг юм.

  Манай компанийн хувьд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхлэсэн үеэс тасралтгүй нийлүүлж ирсэн. 2010, 2011, 2012 онуудад улсад 1-3 дугаар байранд шалгарч Сангийн яам, БСШУЯам, ХХААЯам, Эрүүл мэндийн яамны өргөмжлөл, 20, 40-ийн бидонууд, сүүний иж бүрэн шинжилгээний лаборатори, том стаканд савлагч төхөөрөмжүүдээр шагнагдаж байлаа.

   “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэх явцад зайлшгүй анхаарах асуудал олон бий! Хүүхдүүд хатуу боорцог цүнхэлж харьдаг, хатсан алим чавганы компад, үзэмний шүүс, сүүтэй цай зэргийг сүү, тарагнаас илүүд үздэг сургууль байсаар байгаа нь нууц биш. Бага ангийн сурагчдыг “аяга” цүнхэлдэггүй болгохыг шалгалт бүхэн шаарддаг ч хэрэгждэггүй, үдийн цай нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан сав суулгаар тэр бүр хангагдаагүй, сургуулиуд үйлчилгээний төлбөрөө тухай бүр хийдэггүй гээд яриад байвал жижиг гэхгүй зөрчил их бий! Энэ жил Улаангом сумын ЗДТГ-аас нэгдсэн журмаар гэрээ хийснийг зарим сургууль, цэцэрлэгүүд нэлээд эсэргүүцэж асуудал үүсгэсэн сурагтай байдаг. Ер нь одоо цагт төр засгийн бодлого хэрэгжүүлэхээсээ эсэргүүцэх нь их болоо шив дээ!

-Сүү цагаан идээ болон бусад түүхий эдээ хэрхэн яаж бэлтгэж авч байна?

-Сүүгээ малчдаас гэрээгээр авч ажилладаг. Аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй гэрээ хийсэн. Сайн үйлс бүтээж байгаа Лхамжав, Балжинням гэж хоёр залуу бий.

  Микро машинтай, хөнгөн цагаан сав суулганд сүү тээвэрлэн ирж манайд гэрээгээр нийлүүлдэг, бас хүүхдийн цэцэрлэгүүдэд сүү нийлүүлдэг. Цаашид өөрийн мэдлийн фермтэй болбол ард түмэнд хүрэх сүүн бүтээгдэхүүний үнийг хямдруулах боломж байгааг судлаж төсөл төлөвлөгөө боловсруулан аймгийн удирдлагууд, Хөдөлмөрийн хэлтэст хандаж байгаа.

-Танай компани харьцангуй олонд танигдсан. Энэ хугацаанд бүтээгдэхүүнүүд тань аймаг орон нутаг болоод улс, бүсээс ямар шагнал урамшил хүртэв? Та өөрөө бас ямар шагналуудтай вэ?

-Манай компани байгуулагдсан цагаасаа хойш 48 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ард түмэндээ хүргэсэн байдаг. Олон удаагийн үзэсгэлэнд оролцож “Дээж сүү”, “Хүүхдийн тараг”, “Цөцгийн тос”, “Орос талх”, “Ёслол хүндэтгэлийн идээ” /таваг/ зэрэг бүтээгдэхүүн алтан медаль, “Гэр бүлийн тараг”, “Хүүхдийн сүү”, “Хорхой ааруул” зэрэг бүтээгдэхүүнүүд маань мөнгөн медаль, “Витапит” олон жимсний шүүс, цэвэр ус хүрэл медаль хүртсэн. Мөн аймгийн шилдэг аж ахуйн нэгж, Баруун бүсийн шилдэг аж ахуйн нэгжээр 2 удаа, Монгол Улсын тэргүүний үйлдвэрлэгч цол тэмдэг, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Гран при шагналыг тус тус хүртсэн.

  Миний хувьд гэвэл төр засгаас өчүүхэн хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж бишгүй л шагнал урамшууллаа хүртээлээ. Алтангадас одон, Монгол Улсын Шилдэг зохион бүтээгч цол тэмдэг, Хийморь одон, Багшийн гавъяа одон, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан, Сүүний салбарын тэргүүний ажилтан, Монголын шинийг санаачлагч, Монголын шилдэг ажил олгогч, шилдэг бизнесмен, ОХУ-ын “Долг и часть” медаль болон хүндэт тэмдэг 7, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиуд, бусад салбарын ойн медалиуд гээд 46 ширхэг шагнал бий.

-Увс аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд давуу бөгөөд сул тал юу байна?

-Увс аймагт бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулахад давуу талууд олон бий. Тухайлбал, сүү саальтай айл өрх, фермерүүд аймгийн төвд ойролцоо, чацаргана, үхрийн нүд тариалдаг аж ахуйн нэгж, иргэд олон байгаа нь үйлдвэрлэл явуулах давуу тал шүү дээ.

  Бас сул талууд ч бий. Төвөөс алс зайдуу тул тээврийн зардалд хохирол амсдаг, гурил будаа, элсэн чихэр гээд хэрэгтэй бүхий л түүхий эдийн үнэ өснө, тэр хэрээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ өсдөг, үүнээсээ хамаарч борлуулалт багасдаг сул тал бий. Тэр бүхнийг л зохицуулж ард түмэндээ аль болох хямд төсөр бүтээгдэхүүн нийлүүлэхийг л эрхэмлэж явна даа.

-Танай компани төрөл бүрийн л бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Тэр бүгдэд оновчтой шинэ санааг нь та гаргаж байсан уу?

-Манай компанийн үйлдвэрлэн гаргаж байсан бүтээгдэхүүний хориодынх нь технологийг би болон бид санаачлан туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдаг. Сүүлийн 3 жилийн судалгаа шинжилгээ, туршилтын үр дүнд саяхан бид “Чацарганы ханд” /бальзам/ гэдэг шинэ бүтээгдэхүүн гаргаж авч чадлаа. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь сахар болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнгүй шинэ жимсний шүүсийг тусгай технологиор боловсруулан гаргаж авсан экологийн цэвэр хүнс болж чадсан. Түүнийг 150-200 мл буцалсан буюу цэвэр усанд уусгаж хүсвэл сахар нэмэхэд зөөлхөн, шинэхэн чацарганы амттай шүүс болдог юм. Аян зам, аялал жуулчлалаар явах үед ядаргаа алжаал тайлахад ач тустайгаас гадна төрөл бүрийн амин дэм, микро, макро элементээр баялаг эрүүл мэндэд нэн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн болж чадсан.

  Бид компанийн стандартыг батлуулж, Бар-код, патент авах материалиа бүрдүүлж дээд байгууллагуудад хүргүүлээд байна. Одоо олны хүртээл болгох ажил үлдээд байна.

  Гэхдээ Увс аймагтаа түншилж, хамтран ажилладаг Франц, Герман, Япон орны хүмүүст амсуулж танилцуулж чадсан шүү. Тэд их л олзуурхан хүлээж авч, ам сайтай буцацгаасан. Саяханаас интернетээр гэрээ хэлцэл хийхээр и-мэйл хаягаар хандаж эхлэсэнд баяртай байгаа. Харин Тайвань улсад нийлүүлэх талаар дэмжиж өгөөрэй гэж аймгийн Засаг даргад хандах бодолтой байна.

-Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр танд өөр ямар санаа байна?

-Нас ахисан ч гэсэн шинэ санаа, сэдэлээ орхиогүй л байгаа. Чацарганатай л нэлээд оролдоно доо. Монголын шилдэг зохион бүтээгч Ж.Доожавтай хамтарч зүрх, бөөр, даралт, дархлаа сайжруулах эмчилгээний зориулалттай чацарганатай цай хийхээр туршиж шинжилж, судлаж байна. Бас чацарганы тосны савлагааг шинэ технологиор нэг удаагийн хэрэглээгээр савлах, хаан дарс, хатан дарс гаргаж авах гээд л янз бүрийн юм оролдсоор л байна даа.

-Компанийхаа тоног төхөөрөмж, хүчин чадлаа хэрхэн нэмэгдүүлж байна? Шинэ түншүүдтэй болсон уу?

-Манай компани өдөрт 1000-1500 литр сүү боловсруулж төрөл бүрийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай сүүний цех, өдөрт 1800 хүртэл ширхэг орос талх үйлдвэрлэх талхны цехтэй. Одоо нэмж чацаргана боловсруулах цехтэй болохоор бодож төлөвлөсөн, судалж тохиролцсон зүйл бий.

  “Чацарганы ханд”-ыг цагт 2000 ш-ийг үйлдвэрлэдэг төхөөрөмж суурьлуулбал жилд 490-ээд сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох юм. БНХАУ-ын Хөх хотод түнш компани маань бий. Тэдэнтэйгээ Бээжин, Шанхай, Гуанжиу, Да-Линь хотоор хамт явж тоног төхөөрөмжөө үзэж судлаж байж сонгодог. Тэгэхдээ уг тоног төхөөрөмжийг өөр зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг харж сонголтоо хийдэг.

  Шинээр оролдож байгаа бүтээгдэхүүнээ гарган авч чадвал түүндээ тохирсон тоног төхөөрөмж эрээд л эхлэнэ шүү дээ.

-Таны нас сүүдэр хэд хүрч явна. Та уг нь багш хүн шүү дээ. Яаж яваад хүнсний үйлдвэрлэл рүү орчихов?

-Тиймээ. Би тоо физикийн багш хүн. ЕБС-д лаборант багш, цэцэрлэгийн товчооны дарга, Ардын боловсролын хэлтсийн байцаагч, Залуу техникчдийн станцын эрхлэгч, Сургалт үйлдвэрийн төвийн захирал зэрэг ажлыг 25 жил хашиж явлаа. Энэ хугацаанд элдэв зүйл оролдож шинэ сэдэл, шийдлийн төлөө чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсан. Би ер нь их хэрэгт дуртай сонин араншинтай хүн л дээ. Аливаа зүйлд шүүмжлэлтэй хандаж үүнийг яавал илүү үр ашигтай, чанартай болгож болох вэ? Яавал амар хялбар аргаар хийж болох бол гэж бодож явдаг маань яван явсаар хувийн үйлдвэр байгуулахад хүргэсэн юм. Тэр тусмаа хүн ардыг чанартай эрүүл хүнсээр хангахад амьдралынхаа идэвхтэй үйл ажиллагаагаа зориулж 25 жил зүтгэж явна даа. Хими, физикийн шинжлэх ухаан, хүнсний үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, орос, англи хэл сурах зэрэг нь зайлшгүй зүйл болдог юм билээ. Нэс гайгүй ээ 70 хүрч байна.

-Таны сонгуульт ажил?

-Сонгуульт ажил бол миний бага наснаас л хадагдсан зүйл гэхэд болно доо. Салаан дарга, бүлгийн дарга, ангийн дарга, ХЗЭ-ийн үүрийн дарга, ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч гээд л хөвөрч гарсан даа. Арай л эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болж явсангүй. /инээв/

  Одоо аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүлэгч, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгч, Хүнсчдийн холбооны дарга, за тэгээд зөвлөл, комисс, дэд хороо гээд олон л зүйлд оролцож явна даа.

  Ер нь залуу хойч үедээ, залуу багш нартаа, үйлдвэрлэл эрхлэхийг хүссэн хүмүүст зааж зөвлөх, мэддэг чаддаг бүхнээ өвлүүлэн сургаж явахыг л эрхэм зорилгоо болгож явдаг хүн дээ.

-Гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Манайх 1 охин, 5 хүүтэй өнөр айл. Харин нэг хүүгээ 37 настайд нь алдаж хүнд гарз амссан. Хүүхдүүд маань бүгд гэр бүл, үр хүүхэдтэй болж сайхан амьдарч явна. Хүүхдүүд маань багш, хуульч, эдийн засагч, аялал жуулчлалын менежер, комьпютерийн программистийн мэргэжил эзэмшсэн.

  Ханийг минь Бадамын Цэндсүрэн гэдэг. Хуучнаар гэр ахуйн багш, одоогоор технологийн багш мэргэжилтэй. Улсад 36 жил багшлаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Манай компанийн зөвлөх, ерөнхий технологич, сургагч багш, үйлдвэрийн ажилчин, цэвэрлэгч, сахиул, хяналтын байцаагч, ариун цэврийн комисс, аж ахуйн дарга, ахлах тогооч гэх мэт маш олон албан тушаал хашдаг. Миний дотны зөвлөгч, шүүмжлэгч, дэмжигч, надад олдсон хорвоогийн хосгүй хань даа.

  Миний сэдэж санаж оролдсон бүхэнд оролцоно, дутагдлыг нь арилгахад анхаарлаа тавина. За тэгээд дэмжинэ туслана, холбогдох ном хэвлэл уншина, чухал санал, сэдэл олж дэвшүүлнэ, ер нь л миний хамтран зохион бүтээгч дээ.

  Хүүхдүүд маань ч бас сайн туслана. Хүний хийж чадсаныг би яагаад хийж чадахгүй гэж гэсэн хандлагаар аливаад хандаж ирсэн дээ.

-Залуучууддаа хандаж юу хэлэхсэн бол?

-Хойч үеийнхэндээ хандаж хэлэхэд аливаад зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд маш сайн уншиж судалдаг, тооцдог болж, эцсийн үр дүнг нь гартал няцаж мятралгүй тэмцэж, ажиллаж амьдрах нь хүнд хосгүй аз жаргал авч ирдэг юм шүү гэдгийг л захъя даа.

  Тэвчээр хүнд ухаан хайрладаг, тэмцэл хүнд жаргал хайрладаг, мөнгө хүнд хөгжил хайрладаг, мөрөөдөл хүнд ирээдүй хайрладаг юм шүү. Санаж яваарай.

-Танд баярлалаа.

Увс аймаг Б.Батхүү

Связанные новости