Ард нийтийн санал асуулгын хугацаа хойшилно
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын 48 гишүүний өргөн мэдүүлсэн “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Су.Батболд, “Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг байнга ярьж ирсэн. Монгол Улсын түүхэнд 25-30 жилийн хугацаатай тус хуульд өөрчлөлт орж ирсэн байдаг. Миний хувьд, цаг хугацаа алджээ гэж үзэж байна. Долдугаар сарын 15 гээд чуулган завсарлах үеэр ард түмнээрээ хэлэлцүүлэх асуудлыг зохион байгуулсан бол ийм байдалд хүрэхгүй байлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байх ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ энэ асуудал дээр улстөрийн намуудын зөвшилцөл хэрэгтэй. Зөвшилцөлөөр баталдаг хэд хэдэн хууль байдгийн хамгийн чухал нь Үндсэн хууль. Зөвшилцөл явагдаагүй байна. Цаг хугацааны хувьд алдсан байна" гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэлэхдээ, “Сая хугацаа алдсан гэлээ. Та бүгдтэй зөвшилцөл хийх гээд чадахгүй болоод эцэст нь оруулж ирсэн. Алийн болгон танай манай гэж явах вэ. Улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэх цаг болсон” гэв. Тэрбээр цааш нь, “Эхлээд Ард нийтийн санал асуулгын тухай хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үүний дараа “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолоо батлах нь зүйтэй. Ингэж байж амьдрал дээр хэрэгжинэ. 11 дүгээр сарын 26-нд санал асуулга явуулья гэж байсан ч цаг хугацааны хувьд боломжгүй болж байна. Иймээс хугацааны хувьд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Намууд зөвшилцөж чадахгүй бол ард түмнээсээ асуух нь зөв" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн С.Баярцогт, "Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиа батлая. Энэ хүртэл уг тогтоолын хэлэлцүүлгийг нээлттэйгээр үлдээе" гэсэн санал дэвшүүлсэн. С.Баярцогт гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулахад 62.5 нь буюу олонх дэмжив. Ингэснээр тус тогтоолын хэлэлцүүлгийг Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсаны дараа үргэлжлэхээр болов.
Б.Туул