Зуны түлштэй гэсэн шалтгаанаар нийтийн тээвэрт яваагүй ажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОННийтийн тээврийн салбарт хийсэн гэнэтийн шалгалтын үеэр “Буган орд” ХХК-ийн том оврын автобусууд зуны түлштэй гэсэн шалтгаанаар үйлчилгээнд гараагүй байжээ. Уг нь өдөрт найман автобус явах ёстойгоос дөрөв нь ийнхүү сул зогссон байна.
Дээрх гэнэтийн шалгалтыг АИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо иргэдийн хүсэлтийн дагуу хийсэн юм. Орхон аймагт улсын төсвөөс нөхөн олговор авч нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хоёр байгууллага бий. Нийт 13 автобус Орхон аймгийн иргэдэд үйлчлэх ёстой. Гэтэл зарим үед долоо, наймхан автобус явдаг тул иргэд ийнхүү гомдол гаргажээ.
“Буган орд”, “ББ-Од” ХХК нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон оюутнуудад үнэ төлбөргүй үйлчилдэг юм. Иймд зөрчил гаргасан компанид арга хэмжээ авахаар болжээ.
Б.Оюун-Эрдэнэ