Оны эцэст агаарын бохирдлыг 50 хувь бууруулах үүргийг Засгийн газарт өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-30 15:36:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийв. Тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир нар хэвлэлийн бага хуралд оролцсон бөгөөд 2018 онд Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах үүргийг Засгийн газарт өгнө гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "УИХ-аас байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 4 удаа хуралдаж, Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан.
Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хариуцах эзэнтэй болгохын төлөө ажилласан. Мөн Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу УИХ-ын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал сонсч, шаргуу ажиллалаа. Одоо агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын тайлангаа Засгийн газарт хүргүүлнэ. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ирүүлсэн санал санаачилга, төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газарт хүргүүлнэ. Бидний хүргүүлсэн тайлан, зөвлөмжийг үзээд Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай" гэлээ.

Мөн тус ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд утааны эсрэг 200 тэрбум төгрөгийг зарцуулсан ч үр дүн гараагүй, одоо Солонгосоос орж ирэх 500 сая долларыг үр дүнтэй зарцуулах, Хот тосгоны тухай хуульд өөрчлөлт орж газрын үнэлгээг гаргах ёстой гэсэн дүгнэлт хэлж байв. Тунхаглалын чанартай бичиг цаас бие бирүүгээ шидсэн байдлаар олон жил өнгөрсныг гишүүд шүүмжлээд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодитой ажил хийхийг зорьж байгаагаа тодотгосон юм. Засгийн газарт хүргүүлж буй зөвлөмжид Хот тосгоны тухай хууль болон газрын үнэлгээтэй холбоотой эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ажлыг чуулган завсарлахаас өмнө хийх талаар хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны М.Оюунчимэг “Манай ажлын хэсэг амралтын өдөр  ч  иргэдтэйгээ уулзсан. Утааны асуудлыг шийдэх тусгай агентлагтай болох ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн, Байгал орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир “Ажлын хэсгээс Засгийн газарт танилцуулах агаарын бохирдлыг бууруулах санал, зөвлөмжийг бид маш тодорхой, бодит үр дүнд хүргэхэд чиглүүлсэн. Тухайлбал, Ажлын хэсгээс гаргасан зөвлөмжийн хоёрдугаар заалтад ойрын хугацааны төлөвлөгөөнд бодит үр дүнд хүрэх 3-5 ажлыг тусгаж, 2018 оны 12 дугаар сарын 01-ний дотор агаарын бохирдлыг одоо байгаа хэмжээнээс 50 хувиар бууруулах зорилт тавьж ажиллахыг тусгасан. Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ойрын, дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах төсөв, санхүүгийн эх үүсвэрийг олж УИХ-д танилцуулах ёстой” гэв.

Ингээд ажлын хэсгийн гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Засгийн газарт хоёр хуульд өөрчлөлт оруулах зөвлөмж хүргүүлжээ. Үүнээс өөр ямар санаачилга гарсан бэ?

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Агаарын бохирдлын эсрэг ажлаа маш тодорхой 3-5 зүйлд төвлөрүүлэх ёстой. Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний санхүүжилтийг БНСУ-аас шийдсэн учраас тэр хөрөнгийг олон зүйлд үрэн, таран хийхгүйгээр цөөн хэдэн чанартай ажилд зарцуулахыг зөвлөмжид тусгасан. Одоогоор айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлт цахилгааны хэрэглээндээ хүрэхгүй байгаа юм. Тиймээс хөнгөлөлтийн хэмжээг эргэж харах, үнэхээр цахилгаанаар гэрээ халааж байгаа бол 24 цагийн турш цахилгааны хөнгөлөлт эдлүүлж ч болно.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ойрын хугацаанд Засгийн газар, хот хийх ёстой ажлаа хий гэж байгаа юм. Утааны голомтод амьдарч байгаа айл өрхүүдийг 7,5 хувиар ипотекийн зээлд хамруулах, худалдааны захуудыг хотоос гадагш нүүлгэх ажлыг ярьж  байна.

-Түүхий нүүрс хориглохоосоо өмнө орон сууцжуулах ажлаа түргэвчилж болохгүй юу?

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах асуудал яригдаж байна. Утааг бууруулах хамгийн төгс арга бол орон сууц юм. Нийслэлийн 220 мянган өрхийг орон сууцжуулах ажил урт хугацаанд үргэлжилнэ. Түүхий нүүрс хориглохоос өөр арга байхгүй. Сайжруулсан түлш боловсруулах үйлдвэрийг татвар, зээлийн бодлогоор дэмжих асуудлыг 2018 оны нэгдүгээр улиралд багтаан шийдэх зөвлөмжийг Засгийн газарт өгсөн.
Н.Гантуяа
Связанные новости