С.Эрдэнэ: Иргэд УИХ-ыг тарахыг шаардвал АН-ын гишүүд эргэлзээгүйгээр суудлаа тавьж өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-31 14:26:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын удирдлагууд маргааш 21 аймаг, нийслэлд зохион байгуулах эсэргүүцлийн тайван жагсаалаа цуцлаагүй гэж мэдэгдлээ. Мөн уг жагсаалыг МАХН-аас дэмжин оролцох болсон байна. 

АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Пүрэвдорж нар өгсөн юм. Мөн уг хуралд  МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "У.Хүрэлсүхийн Засгийн газрын өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлын 32 ажлын 10 нь өмнөх Засгийн газар  хийчихсэн, 6 нь өөрсдийнх нь хэрэгжүүлсэн, 8 нь амлалтын шинжтэй ажил байна. У.Хүрэлсүх ажил хийсэн дүр үзүүлэх гэж хамж, шимж оруулж болох бүхий л ажлыг 32 ажилдаа багтаасан байна. Тухайлбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнийг илрүүлсэн гэж хийсэн ажилдаа оруулчихсан байна. Энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажил биш шүү дээ. Харин Монголын хуулийн байгууллагын хийх ажил. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед энэ асуудал шийдэгдсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарлана гэж 100 хоносон ч зарласангүй. Хэрвээ захиалагчийг зарласан бол Ц.Нямдорж хэлсэн амандаа хүрэх байлаа. "Чингис бонд"-ын өрийг дарсан гэж сүржин  зарласан мөртлөө евро бондын 680 сая долларын өрийг дарсанаа олон нийтэд мэдэгдээгүй. Евро бондын өрийг Сү.Батболдын Засгийн газрын үед авсан. Энэ 680 сая долларыг ямар бүтээн байгуулалтад оруулсан нь тодорхойгүй. Энэ өрийг Хубилай бонд гаргаж байж дарсан. МАН өрийг өрөөр дарахгүй гэдэг амлалтаасаа буцсан. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улс орон, ард түмэнд хэрэгтэй яг ямар ажил хийгээд байгаагаа Засгийн газар хэлж чадахгүй байна. Аль салбарын санхүү эдийн засаг сайжирч, ард түмний амьдрал яаж дээшлээд байгаа юм. Бодитой үр дүнгүй байна шүү дээ. Өрийн босго 100 хувь давчихсан, гадаад өр 2.5 тэрбум доллараар нэмэгдсэн, инфляци 7.8 хувьд хүрчихээд байна. Тиймээс улс орон даяар хийх эсэргүүцлийн жагсаалаа бид маргааш хийдгээрээ хийнэ. Бидний тавьсан шаардлагаас ХАОАТ-аас бусад татварыг буулгасангүй. Цаашид нэг удаа жагсаал хийгээд зогсохгүй, улс төрийн шаардлагаа үр дүнд хүрэхийн тулд хариуцлагатай байна. Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Бензин, шатахууны онцгой албан татварыг тэглэсэн нэрээр хоёр төрлийн бензиний л татварыг тэглэсэн. Өнөөдөр МАН төр барьж чадах юм уу, чадахгүй бол хариуцлагаа хүлээх ёстой” гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Бид маргаашийн жагсаал цуглаанаар 60 тэрбумын хариуцлага хаачив, энэ бүх буруу гаргасан татварын нэмэгдлээ цуцлахыг шаардана. Шатахууны үнэ өсөлтөөс болж бараа бүтээгдэхүүний үнэ өссөнд хэн хариуцлага хүлээх юм бэ гэдэг шаардлага тавина" гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Засгийн газрын алдаатай бодлогоос эдийн засаг хүнд байдалд орж байна. Өнгөрсөн хоёр жил амлалтаасаа буцсан жил байсан. Тиймээс маргаашийн жагсаал эрх баригчдад сануулга өгсөн жагсаал байх болно" гэв. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар "Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, Засгийн газрын оновчгүй шийдвэрүүд нь ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байна. Энэ бол эрх баригч намын удирдлагууд төрийн албыг 60 тэрбумаар арилжсантай холбоотой. Ийм учраас МАХН-ын зүгээс маргаашийн тайван жагсаал цуглаанд нэгдэж байна. Мөн УИХ тарах ёстой гэдэг байр суурийг МАХН-аас илэрхийлж байгаа" гэлээ. 

Мэдээллийн дараа АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Жагсаалд яг хэдэн хүн оролцох вэ? Ирсэн хүмүүст 30 мянган төгрөг тараана гэсэн яриа гараад байна?
-Жагсаалд яг хэдэн хүн оролцоно гэдгийг тооцох боломжгүй. Жагсаал бол иргэдийн сайн дурын үйл ажиллагаан дээр үндэслэдэг. Дэмжсэн иргэд нь ирж оролцох байх. Ирсэн хүн бүрт мөнгө өгөх тийм их хөрөнгө АН-д байхгүй. Энэ мөн л эрх баригчдын явуургүй ажиллагаа аливаа зүйлийн хүчийг сааруулах гэсэн л үйлдэл байх.

-УИХ-ыг тараах ёстой гэж байна. Танай бүлгийн гишүүд УИХ-ын гишүүнээс татгалзаж чадах уу?

-Иргэд олон нийт хүсээд, ард түмэн энэ УИХ-ыг тараа гэж шаардаад, тийм нөхцөл байдалд хүрвэл АН-ын гишүүд ямар эргэлзээгүйгээр суудлаа тавьж өгөхөд бэлэн. Бид хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ энэ хариуцлагыг эрх баригчид хүлээх ёстой гэж үзэж байгаа. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын бүрэн эрх, мандатаа өгөөд, дахин сонгуульд оролцоход бэлэн. Бид өөрсдийгөө ард түмэнд үнэлүүлэхэд бэлэн байна. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости