Багахангай дүүргийн малчин өрхүүдэд 71 боодол өвс хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-08 11:37:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Малчдад тусалъя” сайн санааны аян өрнүүлж, Багахангай дүүргийн найман малчин өрхөд 71 боодол өвс, 300 ширхэг хос бээлий хүлээлгэн өгөв.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НЗДТГ болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд нийслэлийн 152 хороонд ажиллаж байна. Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын удирдлагууд Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороонд ажиллаж, тулгамдаж буй асуудлууд болон цаашдаа хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон байна. Тус хороодын Засаг дарга нарын зүгээс компьютер, техник хэрэгслийн хүрэлцээ дутмагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ удаашралтай байдаг тул энэ чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас хороодын малчин өрхийн иргэд зудад ихээр өртөж, өвс, тэжээлийн дутагдалд орж байгаа талаар мэдээлэл өгч, нийслэлийн удирдлагуудаас тусламж хүссэн. Үүний дагуу Нийслэлийн мэдээллийн технологийн газар албан хаагчдынхаа дунд “Малчдад тусалъя” сайн санааны аян өрнүүлж,  750 мянган төгрөг цуглуулжээ. Энэхүү хандивын мөнгөөр 71 боодол өвс, 300 ширхэг хос бээлийг бэлтгэн, малчидад хүлээлгэн өгсөн байна.

Мөн төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэхэд туслах зорилгоор нэг ширхэг иж бүрэн компьютер, хоёр компьютерийн дэлгэц ороодын ажлын албанд хүлээлгэн өгч интернэт болон дотоод сүлжээ, техник тоног төхөөрөмжинд засвар үйлчилгээ хийв.
Ч.Ариунболд
Связанные новости