Сүү үйлдвэрлэгч, мэргэжлийн холбоод хамтран ажиллах санал гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-08 11:47:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргах, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, төрийн бодлого, зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх боломжийг тодорхойлох зорилготой “Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалт өчигдөр болов.

Салбарын мэргэжлийн холбоод, сүү үйлдвэрлэгч, фермерүүд, эрдэмтэн судлаачид оролцсон уулзалтаас гаргасан саналыг Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Ж.Баттөгс, “АПУ Дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг, “Витафит импэкс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болорсайхан, “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар УИХ-ын дарга М.Энхболдод гардуулан өглөө. Сүүний үйлдвэрлэлийг дэмжих, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар монгол хүний хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор УИХ-ын дарга М.Энхболд нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриалга гаргаж, тодорхой ажлууд хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа тэд энэ үеэр илэрхийлэв. Улсын хэмжээнд саасан сүүнийхээ дөнгөж 10 хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэдэг, сүү бэлтгэн нийлүүлэлт улирлын хамааралтай, фермийн хөгжил сул дорой, малын тэжээлийн үйлдвэрлэл хөгжөөгүй, малын үржил, бүртгэлээ сайжруулах нөхцөл бололцоо хангалтгүй байгааг үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзалтын үеэр ярилаа.

Тэд “Хамтран ажиллах тухай” саналдаа:
1.    Сэрүүний улиралд үйлдвэрлэж буй шингэн сүүний дотоодын үйлдвэрт нийлүүлсэн литр тутамд мөнгөн урамшуулал олгох;
2.    Саалийн үнээний эрчимжсэн фермийн аж ахуйд нийлүүлсэн тэжээлийн орлого, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх;
3.    Эрчимжсэн фермийн аж ахуй эрхлэгч эзэмшиж буй газартаа тэжээлийн таримал тариалахыг дэмжих зэрэг саналыг тусгажээ. УИХ-ын дарга М.Энхболд “Сүүний үйлдвэрлэлийг дэмжих зайлшгүй шаардлагатай. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мах, сүүний аян өрнүүлэх, үйлдвэрлэл, эрчимжсэн аж ахуйг дэмжих зорилтууд багтсан. Үүнийгээ бид хэрэгжүүлэх ёстой. Нэг хүнд ногдох малын тоо толгойгоороо дэлхийд дээгүүрт жагсдаг, малаасаа арвин их сүү авдаг хэрнээ иргэд нь аминдэмийн дутагдалтай, багачууд нь бараг бүгдээрээ шүдний цооролттой байж болохгүй. Стратегийн бүтээгдэхүүнд мах, сүү, гурил ордог. Мах, гурилын хэрэгцээг хангах талаар төрөөс зохих дэмжлэг үзүүлдэг, тодорхой арга хэмжээ авдаг. Харин сүүний тал дээр бид арай дутуу анхаарч байгаа юм байна гэсэн бодлын үүднээс би уриалга гаргасан юм. Та бүхэнтэй цаашид хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.       
 
 
 

Связанные новости