"Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв" нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-26 15:13:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг дээшлүүлэх зорилго бүхий "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв" өнөөдрөөс Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Швейцарийн хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нэгж хамтран байгуулж буй энэхүү төв Хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа сургууль төгссөн, ажлын бага туршлагатай залуучуудыг ажлын байранд зуучлах зорилготой юм. Тус загвар төв нь ажил хайгч бүрийн онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөө гаргах, тэднийг бүлгийн сургалт болон бусад үйл ажиллагаанд хамруулах замаар хөдөлмөр эрхлэх чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах юм. Мөн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” боловсруулж, гарааны бизнес эрхлэгчдэд санхүүгийн болон бусад дэмжлэн үзүүлнэ гэдгийг Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр тус төвийн нээлтийн үеэр онцлов.

Загвар төвийн нээлтэд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны дэд захирал Илариа Дали Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Ч.Ариунболд
Связанные новости