Б.Саранхүү: Пауэрлифтингийн спорт хүнээс гарч болох хамгийн дээд тэвчээр хатуужил шаарддаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат Б.Саранхүү хэмээх энэ залуу тамирчин 2017 онд анх удаа улс, дэлхийн хэмжээний тэмцээнд пауэрлифтингийн төрлөөр оролцож аваргалсан байна. Тодруулбал, ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Raw пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -75кг жинд, хэвтээ шахалтын төрөлд 140 кг шахаж алтан медаль, гурван төрөлтийн нийлбэр дүнгээр 572.5 кг өргөж мөнгөн медаль хүртжээ.
Түүнчлэн абсолют буюу аваргуудын аварга шалгаруулахад гуравдугаар байрт шалгарч, Монголын хамгийн анхны залуучуудын абсолют цомыг эх орондоо авчирсан юм. Түүнчлэн шинэ оны анхны тэмцээндээ амжилттай оролцож, улсын хошой аварга болсон амжилт үзүүлээд байна. Энэхүү баярт мөчийг нь хуваалцаж, цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Түүнчлэн абсолют буюу аваргуудын аварга шалгаруулахад гуравдугаар байрт шалгарч, Монголын хамгийн анхны залуучуудын абсолют цомыг эх орондоо авчирсан юм. Түүнчлэн шинэ оны анхны тэмцээндээ амжилттай оролцож, улсын хошой аварга болсон амжилт үзүүлээд байна. Энэхүү баярт мөчийг нь хуваалцаж, цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
- Баяр хүргэе. Улсын хошой аварга болж, Дэлхийн дэвжээнээс хос медалийн эзэн болно гэдэг сайхан хэрэг шүү?
-Маш их баяртай байна. УАШТ-нд хоёр дахь удаагаа оролцож хошой аварга боллоо. Дэлхийн аваргын тэмцээнд анх удаа оролцож, амжилт гаргалаа. Юуны өмнө аав ээж багш нартаа талархал дэвшүүлмээр байна. Миний аавыг Дэндэвийн Баянмөнх гэдэг. Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Миний ээжийг Дамдинжавын Байгалмаа гэдэг. Амьдралын минь хамгийн мундаг хоёр дасгалжуулагч багш, хайрт аав ээждээ энэ дэвжээн дээрээс маш их баярлалаа гэдгээ хэлье. Хайртай шүү.
-Анх спортод дурласан мөчөө эргэн дурсвал?
-Анх би жүдо бөхийн спортоор хичээллэж, багаасаа барилдаж эхэлсэн. Анхны багш маань аймгийн харцага Г.Эрдэнэбилэг. Намайг спорттой холбож өгсөн, өдий зэрэгтэй явахад минь нэлээн том хувь нэмэр оруулсан хүн дээ. Хүний багш гэдэг үнэлж баршгүй хүмүүс байдаг. Ямар ч чулууг алмаз эрдэнэ болгож өнгөлөх чадалтай хүмүүс гэж хэлж болно. Ч.Цогтбаяр, О.Болд-Эрдэнэ, Б.Баасандамба, Ш.Алтанбагана гээд багш нартаа энэ завшааныг ашиглаад баярласнаа илэрхийлж, сайн сайхныг хүсье.
- Пауэрлифтингийн спортын талаар юу гэж боддог вэ? Бусад спортын төрлөөс ялгарах онцлог нь юу юм бол?
-Пауэрлифтингийн спорт бол үнэхээр хүнд хэцүү спорт. Маш их өвдөлт, бэлтгэлийн ачаалал даах гээд хүнээс гарч болох хамгийн дээд тэвчээр хатуужлыг шаарддаг гэж боддог. Ер нь спорт гэдэг ийм шүү дээ. Өдөр бүхэн түүнээсээ кайф авч, дурлах хэрэгтэй. Тэгвэл амжилтын зам харагдах болно. Миний хувьд өөртөө маш том зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд хүсч мөрөөдөж, тэмүүлж явна. Би хамгийн эрт бэлтгэлийн заал онгойгоогүй байхад очоод, хаахад нь хамгийн сүүлд бэлтгэлээ хийж дуусаад харьдаг. Өдөр бүр 5 цаг бэлтгэл сургуулилт хийдэг.
- Шантрах үе гарч байв уу?
-Хүмүүс хийж үзээгүй болохоор тэр мэдрэмж, тэр өвдөлтийг мэдэхгүй л дээ. Харахад нэг л хүнд төмөр өргөөд байгаа юм шиг санагддаг. Гэтэл тэр хүнд төмрийг өдөр болгон өргөнө гэдэг асар их тэвчээр, хичээл зүтгэл. Шантрах үе гарч л байсан, гэхдээ энэ спортыг сонгосон л бол түүнийгээ үргэлж санаж явах хэрэгтэй. Ухрах зам байхгүй гээд урагшаа алхам алхмаар өгсөж явна даа. Сонгосон спортдоо дурлахгүй бол амжилт гаргахгүй. Өглөө сэрээд бэлтгэлдээ явна гэхээр бөөн аз жаргал шүү дээ.
- За баярлалаа. Спортын өндөр амжилтыг хүсье.
Б.Саранхүү 2002-2012 онд Нансалмаа багштай Хэрлэн нэгдүгээр сургуулийн 11в ангийг дүүргэж, 2012-2016 онд МУБИС-д биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжлээр онц дүнтэй төгсчээ. Тэрбээр хэлэхдээ, “Анх Пауэрлифтингийн спортыг сонирхон хичээллэж байхдаа 55 кг жинтэй, 40 кг ч шахаж чаддаггүй байсан. Тэр үед Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, медаль авна гэдэг биелэгдэшгүй мөрөөдөл байлаа. Тэгвэл өнөөдөр би мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилтаа тууштай хийснээр амжилтаа ахиулж, Дэлхийн аварга болчихсон зогсож байна. Залуустаа хандаж хэлэхэд бүгдээрээ хамтдаа зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө хичээгээрэй” хэмээн уриалсан юм.
Б.Саранхүү багаасаа спортын нэлээд хэдэн төрлөөр шаргуу хичээллэсний үр дүнд Жүдо бөхийн Хэнтий аймгийн зургаан удаагийн аварга , зүүн бүсийн гурван удаагийн аварга, УАШТ-ний мөнгө, хүрэл медаль, Самбо бөхийн Хэнтий аймгийн гурван удаагийн аварга, чөлөөт бөхийн Хэнтий аймгийн хоёр удаагийн аварга, Хөлбөмбөгийн Хэнтий аймгийн хоёр удаагийн аварга, шилдэг тоглогчоор тус тус шалгарч байжээ.
Д.Одонтунгалаг