"Эгшиглэнт говь" яруу найргийн өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-17 23:10:31
Өмнөговь /МОНЦАМЭ/ МЗЭ-ийн Өмнөговь дахь салбараас жил бүр зохион байгуулдаг "Эгшиглэнт говь" яруу найргийн наадмыг энэ жил Ханбогд суманд яруу найргийн өдөрлөг хэлбэрээр зохион байгууллаа.
Уг арга хэмжээг Өмнөговь аймгийн ЗДТГ ерөнхий ивээн тэтгэж ажилласан бол "Говийн оюу хөгжлийг дэмжих сан", Ханбогд сумын ИТХ, Ханбогд сумын ЕБС-ийн 1989 оны төгсөлтийн хамт олон ивээн тэтгэж, "Галбын эгшиглэн" уран бүтээлийн нэгдэл хамтран зохион байгуулав.

Энэхүү өдөрлөгийн үеэр нэрт уран уншигч агсан Ж.Насандэлгэрийн нэрэмжит "Их говийн дуулал" уран уншлагын тэмцээнийг дунд сургуулийн сурагчдын дунд хоёр үе шаттайгаар зохион байгуулсан юм. Эхний шатыг нь сургууль дээрээ тэмцээнд оролцохыг хүссэн бүх хүүхдүүдийн дунд өөрсдийнх нь унших дуртай шүлгээр уралдуулж, шалгарсан 20 хүүхдэд Өмнөговь аймгийн яруу найрагчдын 20 шүлгээс сугалуулан хоёрдугаар шатанд уншуулахад сурагч н.Шинэцэцэг "Чулуун тоглоомоо эргээд" шүлгээр тэргүүн байр эзэллээ. Энэхүү тэмцээн нь хүүхдүүдийг орон нутгийнхаа яруу найрагч зохиолчдын бүтээлтэй танилцах, яруу найраг, утга зохиолд шимтэх сэдлийг төрүүлэх зорилготой байлаа. 
Өдөрлөгийн хүрээнд аймгийн шилдэг шүлэгч шалгаруулах "Эгшиглэнт говь" яруу найргийн наадмыг насанд хүрэгчдийн дунд зохион байгуулсан юм. Уг наадамд 20 гаруй найрагч 2017 онд туурвисан бүтээлээрээ өрсөлдөж залуу яруу найрагч Т.Батхүрэл түрүүлж цомын эзэн болов. Мөн Ханбогд сумын уугуул яруу найрагч н.Баянтунгалаг аман хүзүүлж, яруу найрагч М.Билгүүндалай удаалан найрагт дуртай говьчуудынхаа сонорыг мялаалаа. 
Энэхүү наадмын үеэр Ханбогд сумын ахмад яруу найрагч Д.Бямбацэнд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод амьдарч буй Өмнөговь аймгийн унаган хүү Л.Хишигбаяр өөрийн багш С.Рэнчинхорлоогийн нэрэмжит шагналыг санаачлан анхны шагналаа Д.Бямбацэндэд гардуулан өгсөн юм.
Уг өдөрлөгийн үеэр яруу найрагч С.Сумъяа МСНЭ-ийн шагнал Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. 
Утга зохиолыг дэмжигч Өмнөговь аймгий
н Засаг дарга Н.Наранбаатар, Ханбогд сумын ИТХ-ын дарга Ш.Эрдэнжаргал нарт тус аймгийн зохиолч яруу найрагчид, утга зохиолд элэгтэй ард түмэн талархаж байгаагаа илэрхийлж байлаа. 
Д.Мишигсүрэн
Связанные новости