Хөдөө аж ахуйн салбарт 6,1 тэрбум төгрөгийн ажил хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг Хөдөө аж ахуйн салбартаа энэ онд 6,1 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээг хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Энэ оныг тус аймаг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж байгаатай холбоотойгоор ХАА-н салбартаа бэлчээр усжуулах зорилгоор гүн өрмийн 28 худаг шинээр гаргаж, 29 худаг засварлахаар болсон байна. Мөн мал нядалгааны, мах ангилан ялгах үйлдвэрийг аймагтаа барихаар төлөвлөжээ.
Мөн мал эмнэлэг, үржлийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдтэй 2018 онд хамтран ажиллах гурвалсан гэрээг байгууллаа. 2018 онд тус аймагт 34 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, 15 мал эмнэлэг, үржлийн тасаг үйл ажиллагаа явуулахаар боллоо.
Өнгөрсөн онд аймаг орон нутгаас хөдөө аж ахуйн салбарт анхаарч 1,9 тэрбум төгрөгийн 16 төрлийн ажил үйлчилгээг хийж хэрэгжүүлсэн байна. Тухайлбал бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн ажлуудыг хийжээ.
Тус аймаг нь хөдөө аж ахуйн салбартаа анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Тухайлбал өнгөрсөн онд 15 сумаас тус бүр нэг тэргүүний малчныг БНСУ-д туршлага судлах арга хэмжээнд оролцуулсан байна. Хоёр жилд нэг удаа малчдын зөвлөгөөнийг тогтмол хийдэг болоод байгаа юм. Мөн 2017 оны жилийн эцэст 2,6 сая тоо толгой мал сүрэг тоолуулсны зэрэгцээ Улсын аварга малчин 6, Алтан төлийн эзэн 4 тодорсон нь малчин олны хөдөлмөр зүтгэлийн үр шим билээ.
Д.Мишигсүрэн