Парламентын засаглалын хөгжлийн Олон улсын форумд Монголоос төлөөлөгч оролцохыг урив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-22 13:18:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Холбооны Хурлын Зөвлөл, Төрийн Дум, Сонгуулийн Ерөнхий комиссын урилгаар УИХ  дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Л.Болд болон нэр бүхий гишүүд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга Д.Золжаргал нар энэ сарын 17-18-ны өдрүүдэд Москва хотноо ажиллажээ.

Төлөөлөгчид тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахын зэрэгцээ Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга К.И.Косачёвтай уулзлаа. Уулзалтын үеэр төлөөлөгчид ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Думаас тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах урилга ирүүлсэнд болон ноён К.И.Косачёвыг ажлын ачааллын хажуугаар цаг зав гаргаж хүлээж авсанд талархал илэрхийллээ. Мөн Москва хотноо болох парламентын засаглалын хөгжлийн асуудлаарх олон улсын форумд УИХ-аас төлөөлөгч оролцуулахаар төлөвлөж буйгаа мэдээлэв.

Уулзалтын төгсгөлд Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга К.Косачев Монгол-Оросын парламентын уламжлалт найрсаг харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд хоёр орны парламент чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэв. Улмаар  2018 оны зургадугаар сарын 4-5-ны өдөр Москва хотноо болох Парламентын засаглалын хөгжлийн Олон улсын форумд Монголын талаас төлөөлөгч оролцохыг урьсан ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.Володины урилгыг гардууллаа.
Н.Туяа
Связанные новости