Дэлхийн банк:Эмэгтэйчүүд боловсрол өндөр ч эрчүүдээс 15 хувиар доогуур цалин авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-03-27 16:28:43
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улс жендэрийн тэгш бус байдлаар дэлхийн 159 орноос 53-т жагссан хэдий ч Монгол эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх, ажилд орох боломж нөхцлүүд хомс, бэрхшээлтэй хэвээр байна хэмээн  Дэлхийн банкны  судалгаагаар гарчээ.

Дэлхийн Банкнаас “Хөдөлмөр эрхлэлтийн баталгаагүй байдлын дүр зураг: Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлын талаарх чанарын судалгаа”-г танилцуулсан юм.

Тайланг Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Ахим Даниел Шмилэн танилцуулахдаа, “Хөдөлмөрийн зах зээл дээр эрчүүд идэвхтэй байгаа бөгөөд энэ зөрүүтэй байдал  Зүүн өмнөд Азийн орнуудаас Монгол Улсын нэг ялгарал болж байна. Судалгаагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн  цалин  15 хувиар ялгаатай байна. Эрэгтэйчүүдийн дийлэнх нь инженер программын чиглэлээр, эмэгтэйчүүд нийгмийн ухаан, хууль, бизнесийн салбарт ажиллаж байна. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өндөр боловсролтой ч эрчүүдээс 15 хувиар бага цалин авч буй юм. Энэ талаарх судалгааг фокус группийн ярилцлагын аргаар хийсэн. Мөн эмэгтэйчүүдийн ажиллах цаг уян хатан биш байгаа зэргээс шалтгаалан  эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд идэвхгүй оролцож байгааг судалгаанд оролцогсод  тодотгосон" гэв.

Мөн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг хэлэхдээ, "Эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд хүүхэд асрах асуудлыг шийдэх нь зөв гэдгийг энэ судалгаа харуулж байна. Цалингийн ялгаа төрийн байгууллагад харьцангуй бага. Харин хувийн хэвшлийнхэнд их байдаг тал бий. Эмэгтэйчүүд эрчүүдээс бага цалин авч байгаа нь цалин өндөр буюу уул уурхайн салбарт ажиллаж буйтай холбон ойлгож болох юм. Хөдөлмөр эрхлэх боломжийг тэгш олгосноор улс орны эдийн засаг хурдан өснө. Энэ утгаараа эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх нь зөв юм" хэмээв.

Монголд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдийнхтэй харьцуулбал илүү өндөр байдаг  ч эмэгтэйчүүд өөрсдийн олж авсан боловсролыг ашиглаж, хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцох боломжоор харьцангуй дутмаг байна гэж уг тайланд онцолжээ. Мөн эрэгтэй, эмэгтэй ажиллах хүчний хөдөлмөрийн зах зээл дэх оролцооны зөрүү өнгөрсөн 20 жилийн хугацаанд хоёр дахин өсч, өнөөдөр  12.6 хувиас хэтрээд байгааг тайланд дурдсан байна.
Б.Заяа
Связанные новости