Тусгаар тогтнолын талбайд үзүүлэх сургууль болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар / МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу маргааш 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгуулна. Өнөөдөр Нийслэлчүүдэд зориулсан үзүүлэх дадлага Тусгаар тогтнолын талбайд болов.
ОБЕГ болон нийслэлийн ОБГ-ын албан хаагчид, гамшгийн үед ажиллах техник хэрэгсэл, мэргэжлийн баг иргэдийн хамтран ажиллах үйл ажиллагааг дадлагын маягаар үзүүлж байв. Иргэдийн оролцоо тааруудуу нь газар хөдлөлтийн гамшгийн аюулыг бага мэддэгтэй холбоотой биз. Гэвч Онцгой байдлын албан хаагч, мэргэжилтнүүд олон төрлийн үйл ажиллагааг үзүүлж байлаа. Маргаашийн хувьд бол иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм. Харин нийслэлийн иргэдийн хувьд 110 байршилд заасан түр цугларах талбайд цугларах хуваарьтай. ОБЕГ-ын баталснаар НОБГ-ууд харьяа дүүргийнхээ түр цугларах газруудыг хуваарилан холбогдох байгуулага, аж ахуйн нэгжид хүргүүлжээ.
Ж.Батсайхан