Энэ онд Нийслэлийн бүтээн байгуулалтын 63 төсөл хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд 2018 онд хийх томоохон бүтээн байгуулалтуудын талаар өнөөдөр Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (НХТЕТГ)-аас мэдээлэл хийв.
Энэ 2018 онд Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 43.5 км авто зам, 3050 урт метр гүүр барих аж. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Түүнчлэн гадны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Эдгээр ажил нь энэ сарын 05-15-ны хооронд эхлэх юм байна. Сонсголон, Туулын гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх бол Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусах аж. Замын цагдаагийн уулзварын өмнөх гүүрэн гарцын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан 7 байршилд түр зам гаргаж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Мөн үеэр НХТЕТГ-ын орлогч дарга Ц.Тулга, "Нийслэлийн хэмжээнд 2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийнэ. Үүнээс дулааны шугамын 32 ажил, ус хангамжийн 15, ариутгах татуургын 11, харилцаа холбооны 41, үерийн далан суваг ус зайлуулах системийн 19 ажил байна. Эдгээр ажил хийгдэх үеэр автозамын зорчих хэсгүүдийг хэсэгчлэн түр хугацаагаар хаагдана. Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд төмөр зам дээгүүр 13 байршил дээр гүүрэн болон нүхэн гарц хийхээр төлөвлөсөн байдаг. Мөн олон давхар зам гүүрийн 17 ажил төлөвлөгөөнд тусгагдсан. Үүний эхний ажил нь Зүүн дөрвөн зам болон Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил байгаа” хэмээв.
Ч.Ариунболд