ХХАА-н сайд Р.Бурмаа халтар арвай, бог будаа захиаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 17:51:50

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон ХХААЯ-ны сайд Р.Бурмаа нар албаны хүмүүсийн хамт Булган аймагт ажлын айлчлал хийж өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалт, хадлангийн явцтай танилцлаа.

Ажлын хэсэг Хангал сумын төмс хүнсний ногоо тариалагч Ц.Батбилэг, улсын тэргүүний тариаланч хамт олон "Молор эрдэнэ түрүү" ХХК, орон нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Сүмийн нуга" хоршоо, Сэлэнгэ сумын "Интосэ" ХХК-ны үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, бэрхшээл, боломжийн талаар ярилцлаа. Энэ жил Булган аймаг урьдчилсан мэдээгээр улсын дунджаас дээгүүр буюу 1 га-с 15 цн буудай хурааж авах боломжтой гэж ургацын комисс мэдээлж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хангал сумын тариаланч Ц.Батбилэгт төмсний иж бүрэн тоног төхөөрөмж бэлэглэхээр амласан бол ХХАА-н сайд Р.Бурмаа гадаадын зочдод зориулсан төрийн бэлгийн багцад орон нутгийн брэнд бүтээгдэхүүн болох халтар арвай, бог будааг оруулахаар захиаллаа.

Ерөнхий Сайд Ч. Сайханбилэг Булган аймгийн Сэлэнгэ суманд ургац хураалтын ажилтай танилцаж байх  үеэр Сэлэнгэ сумын засаг дарга Ш.Насандулам ургац хураалт болон сумынхаа ажлаа танилцуулж,  Ерөнхий Сайд Сайханбилэгээс ихэд өндөр үнэлгээ авлаа. Ерөнхий сайд “Энэ хүүхнийг чинь харин Их хуралд байгаа хэдэн хүүхнүүдийнхээ дунд оруулчихвал аваад явчих овоо хүүхэн байна даа” хэмээн сайд уулга алдсан байна. 

П.Батням

 

 

Связанные новости
Комментарии