Газрын кадастрын "Лэнд менежер" программ хангамжид нэмэлт хөгжүүлэлт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-04-17 10:35:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулах зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран ажиллахаар боллоо. 

Хамтын ажиллагааны хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, гарсан зөрчлийг арилгах, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн хийц, хэмжээг тодорхойлох, барилгад хамаарах инженерийн байгууламжийн /ус, дулаан, цэвэр бохир усны хангамж, ариутгах татуурга, галын дохиолол, зоорийн давхар гэх мэт/ мэдээллийг бүрдүүлэн баталгаажуулах юм байна. Мөн нийтийн эзэмшлийн байгууламжийн доорх газрыг баталгаажуулах аж.

Мөн газрын кадастрын мэдээллийн сангийн "Лэнд менежер" програм хангамжид нэмэлт хөгжүүлэлт хийж, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн санг үүсгэх, газрын кадастрын мэдээллийн сан дахь төрийн өмчит хуулийн этгээдийн мэдээллийг ТӨБЗГ-ын өмчийн програмд холбох, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх аргачлалыг боловсруулах, үнэлгээг санхүүгийн тайланд тусгах заавар, аргачлал боловсруулах, батлуулах ажлыг хамтран хийх юм байна.
Н.Туяа

 
Связанные новости