Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийг эх оронтой нь танилцуулах аяллыг жил бүр зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2018-04-19 17:39:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “Холт Иннтернэйшнл" олон улсын төрийн бус байгууллагын дэд ерөнхийлөгч хатагтай Кэрил Гарсиа болон Азийн орнуудын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч ноён Дэвид Лим нарыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар тус байгууллагаар дамжуулан үрчлэгдсэн хүүхдүүдийн амьдарч буй нөхцөл байдалтай биечлэн танилцах, насанд хүрч буй хүүхдүүдийн иргэний харьяаллын талаар санал солилцсон юм. Түүнчлэн  өнгөрөгч оны  7 дугаар сард Монгол Улсаас АНУ-д үрчлэгдсэн Монгол Улсын харьяат 7 хүүхэд гэр бүлийн хамт эх оронтойгоо танилцах аяллыг анх удаа амжилттай зохион байгуулсан тухай “Холт Интернэйшнл” ТББ-ын төлөөлөгчид дурьдаад цаашид үрчлэгдсэн хүүхдүүдийг эх оронтой нь танилцуулах аяллыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах талаар харилцан санал солилцов.
“Холт Интернэйшнл” төрийн бус байгууллага нь 1954 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд гадаад үрчлэлтийн үйлчилгээ, халамж, хүүхэд хөгжил, хоол тэжээлийн хөтөлбөр зэргийг хэрэгжүүлдэг АНУ-д төвтэй олон улсын төрийн бус байгууллага юм.  Гадаадын иргэн, харьяатын газар нь 2001 оноос тус байгууллагаар дамжуулан Монгол Улсын харьяат хүүхдийг АНУ-ын иргэн, гэр бүлд үрчлүүлж эхэлсэн.
Н.Туяа
Связанные новости