Дэлхийн хамгийн хол зайн морин уралдаан
ДЭЛХИЙН МЭДЭЭМИННЕАПОЛИС. /gearjunkie/. Адал явдлаар дүүрэн арга хэмжээнд нь оролцохын тулд дэлхийн бөмбөрцгийн тал бүрээс өрсөлдөгчид цугладаг Монголын онгон байгальд морь унах нь сонголтын асуудал.
Манай сэтгүүлч нэгэн арга хэмжээнд оролцсон байна. Гиннесийн номд бичигдсэн дэлхийн хамгийн хол зайн морин уралдаан болох “Монгол шүдлэнгийн уралдаан”-д оролцож аз хийморь, авьяас чадвараа сорихоор хэдэн арван орны унаачид Монголд ирдэг юм.
“Адал явдал хайгчид”-ын зохион байгуулдаг уг уралдаанд оролцож буй унаачид Монголын онгон талд 1000 км замыг хагас зэрлэг адууны нуруун дээр уралддаг.
Унаачид 5 кг жинтэй, зайлшгүй шаардлагатай хэрэгслийг авч явах бөгөөд солих хувцсаа болон эвдэрч болзошгүй зүйлийг нөөцлөхгүй. Унаачид “GPS” төхөөрөмж ашиглахын сацуу зөн совингоороо баримжаалан уралдана.
Чингис хааны домогт өртөөнөөс санаа авсан “Монгол шүдлэнгийн уралдаан” нь 6 дахь жилдээ зохион байгуулагдсан юм. Талын нүүдэлчин малчдын хот айлын хариуцдаг байсан морин өртөөний өргөн сүлжээнээс Чингисийн өртөө бүрддэг байсан билээ.
10 хоногийн уралдааны туршид унаачид тэр л малчны хот айлд буудаллаж, эртний элч нарын туурайн мөрөөр уралддаг. Уралдааны зүрх нь малчин хот айл бөгөөд малчид барууны унаачдыг гэртээ хүлээн авч, морийг нь сэлгэдэг байна.
Унаачид хоногт 13.5 цаг морио сэлгэн давхидаг бөгөөд заримдаа хоногт 4 удаа морь сэлгэх тохиолдол гардаг байна. Сэтгэл зүй, бие махбодийн хувьд уг уралдаан унаачдыг дээд хэмжээнд сорьдог юм.
2012 онд би итгэл муутайхан өрсөлдөгчдийн нэг байлаа. Харин энэ жил талд эргэн ирэх боломж надад олдсон юм. Түргэн тусламжийн машинд сууж, багийн гишүүний хувиар уралдаанд оролцон, мориноосоо унасан унаачдад туслах, эрэн хайж аврах ажиллагаа явуулав.
Унаачид өвст талаар давхиж, аагим халуунд шарагдаж, хойд зүгийн уулсын дундуур зүг чигээ олж /зарим нь төөрч/ явах үед би Зөвлөлт Холбоот Улсын үеийн дөрвөн дугуйтай фургон машинд хоёр долоо хоногийг өнгөрүүлсэн. Унаачид мориноосоо унасан ч эргэн босч, мориндоо ахин мордохыг би үзлээ.
Амьдралдаа өмнө нь үзээгүй сорилттой олон улсын унаачдын бүлэг тулгарч байх үед би болон бусад зохион байгуулагч ч сорилттойгоо тулгарч, бүтэлгүйтсэн унаачдыг аварч явсан юм.
Ерөнхийдөө “Монгол шүдлэнгийн уралдаан” нь зүгээр ч нэг морины уралдаан биш, байнгын тэмцэл дунд өрнөдөг юм. Шалдаа буусан ч унаачид чадал хүчээ шавхаж, чадна гэж бодсоноосоо илүүг чаддаг.
Чөлөөтэй байж, тухайн цаг мөчийг мэдрэх хэрэгтэй. Замын турш хамгийн хурдан бөгөөд хүчтэй андын холбоог тогтоосоор барианд орох үедээ чи нэг л зүйлийг бодно: Би үнэхээр чадлаа гэж үү? гэж Эрик Купер бичжээ.
Х.Аминаа