Н.Төгсцогт багшийнхаа гэгээн дүрийг өмсгөлдөө мөнхлөн хүндэтгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт, боксын замд хөтлөн оруулж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багшийнхаа хөргийг зүрхэн тус газраа хэвлэж, шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” хэмээн бичжээ.
Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт сонирхогчдын боксоос мэргэжлийнх рүү орсон гурван жилийн хугацаанд 9 тулаан хийхдээ наймд нь хүнд цохилтоор, нэгийг нь оноогоор ялаад байгаа юм.
Тэрбээр өнөөдөр 10 дахь тулаанаа хийнэ. Ринг дээр King Tug нэрээр гарч буй Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь 28 тулааныхаа 25-д ялалт байгуулсан чамгүй туршлагатай 34 настай Колумб боксчин Оскар Эскандон. Тэдний тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын Beau Rivage Resort & Casino-д болно.
Н.Төгсцогт боксын ринг дээр өмсөх өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залсан нь түүний шүтэн бишрэгчид болон боксчдод сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Өнгөрсөн нэгдүгээр сард хүнд өвчний улмаас бурханы орныг зорьсон багшийнхаа гэгээн дурсгалд зориулж Н.Төгсцогт ийнхүү хүндэтгэл үзүүлжээ.
Д.Өлзий