Хар тамхи хэрэглэгч 7000 гаруй хүн байгаа нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэдгийг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Хар тамхи, мансууруулын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Тус зөвлөлгөөнд БСШУСЯ, нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн тагнуулын газар, СЭМҮТ, Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар , Нийслэлийн цагдаагийн газрын төлөөллүүд оролцож цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдлөө. Мөн нийслэлийн бүх хороо дүүргийн удирдлагууд болон сургууль, цэцэрлэгийн 500 гаруй төлөөлөл оролцов.
Манай улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг маш хурдацтай тархаж байна. Манайх шиг цөөхөн хүн амтай орны хувьд хар тамхи мансууруулах бодис нь бусад улс оронтой харьцуулахад илүү хор уршиг учруулах төлөвтэй байгаа нь Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой юм. 2018 оны эхний таван сард үйлдэгдсэн 17980 гэмт хэргийн 81 нь хар тамхи мансууруудах бодистой холбоотой хэрэг байна. Үүнээс 83,9 хувь нь нийслэл хотод үйлдэгджээ. Цагдаагийн байгууллагын дүгнэлтээр хар тамхи мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг 5-7 мянган хэрэглэгч байгаагийн 81,9 хувийг эрэгтэйчүүд эзлэдэг байна. Хил гаалийн газраас ирүүлсэн мэдээллээр Монгол Улсруу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт ихэвчлэн БНХАУ-аас манай улсын хил рүү нэвтрүүлдэг байна.
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилыг зохион байгуулах дэлхийн өдрийг зөвхөн тэмдэглэн өнгөрүүлэх бус өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын арга барилыг өөрчлөх, илүү шинэлэг бүтээлч үр дүн гарахуйц хэлбэрээр энэхүү ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж байна. Гэтэл өнөөгийн байдлаар гэмт хэргийн нэг төрөл бүр цаашлаад олон төрлийн гэмт хэргийн эх үүсвэр болтлоо дэлгэрсэн байна. Тиймээс энэ талаар холбогдох бүх байгууллагууд хамтарч өнөөдрийн зөвлөгөөний хүрээнд ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх ажиллуудыг зохион байгуулах талаар хэлэлцэв. Хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэх асуулуудыг таслан зогсоохтой холбоотой 2017-2019 оны хооронд хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ хүүхэд залуучуудыг энэ төрлийн гэмт хэрэгт татагдах, хэрэглээг бий болгохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсооход өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх болон зөв мэдээллээр хангахгүй бол хор уршгийн талаар сайн мэдлэггүйгээс болоод бусдад уруу татагдах нь ихэсчээ. Иймээс энэ талаар мэдээллийг цааш цаашдаа идээхтэй явуулна” гэж мэдэгдэв. Энэхүү зөвлөгөөнөөс өсвөр үеийнхнийг хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудыг бусдын нөлөөнд автахгүй байхад чиглэгдсэн ажлуудыг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож үүний эсрэг нийтийн хөдөлгөөн өрнүүлэх, хүүхэд залуучуудад зориулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахад чиглэгдсэн санаачлагуудыг дэмжин ажиллах шийдвэр гаргасан байна. Зөвлөлгөөн саяхан өндөрлөлөө.
Ж.Батсайхан