Нагоя башё нэг ч Их аваргагүй үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башёд нэг ч Их аваргагүйгээр башё үргэлжлэхээр болсон талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээлж байна.
Хоёр башё дараалан түрүүлсэн Их аварга Какүрюү баруун тохойндоо гэмтэл авснаас болж өнөөдрөөс Нагоя башёг орхиж байгаа аж. Какүрюү эхний 3 өдөр давсан ч сүүлийн 2 өдөр дараалан унасан юм.
Энэ тэмцээнд 72 дахь Их аварга Кисэносато барилдаагүй бол 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 4 дэх өдрөөс, ёкозүна Какүрюү 6 дахь өдрөөс ийнхүү тэмцээнээс гарч, нэг ч аварга үлдсэнгүй.
Гурван Их аварга /ёкозүна/ бүгд тэмцээнээс гарсан тохиолдол 1999 оны Хаврын тэмцээнд болж байжээ. Тэр үед ёкозүна Ваканохана, Таканохана, Акэбоно нар гэмтсэн байв.
Изүцү ояката “Тэмцээний өмнө л гэмтэлтэй байсан. Баруун гар ашиглах ямар ч бололцоогүй болсон. Өмнө нь баруун мөрөө мулталж байсан нь ч нөлөөллөө. Архаг гэмтлээ хөндсөн. Какүрюүд зорилго бий, тэр зодог тайлах болоогүй. Нэг настай хүүгээ сумо бөх ойлгодог болтол нь барилдана гэж хэлсэн” гэж ярьжээ. Какүрюү Токиод буцаж, эмнэлгийн нарийн шинжилгээнд орохоор болжээ.
Д.Өлзий