Залуу цагдаа нар ахмадуудаасаа суралцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНАлбан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Цагдаагийн алба хаагч н.Дугар агсаныг дурсан хүндэтгэх мөн залуу хойч үе нь ахмадуудаасаа суралцах “Ахмад-Залуу үеийн уулзалт” боллоо.
Орхон аймгийн Цагдаагийн газар 300 гаруй алба хаагчтай. Үүний дийлэнх нь 18-35 насны залуучууд юм. Залуу үе нь ахмадуудаасаа сурах, мэдэх зүйл арвин байгаа тул дээрх уулзалтыг зохион байгуулжээ. Хоёр үеийг холбох энэ арга хэмжээ сүүлийн таван жил болоогүй юм. Мөн 1987 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алдсан Цагдаагийн алба хаагч н.Дугарыг эргэн дурсаж түүний ар гэрт хүндэтгэл үзүүллээ. Бусдын амар тайван амьдралын төлөө амиа үл хайрлан зүтгэсэн энэ зүтгэлийг хойч үе нь хэзээ ч мартаж болохгүйг уг уулзалт сануулсан юм.
Орхон аймагт Цагдаагийн байгууллага үүссэний 40 жилийн ой ирэх жил тохионо. Ойг угтаж олон ажил санаачилсаны нэг нь эл уулзалт юм. Тус байгууллагаас гавьяаныхаа амралтад гарсан 126 ажилтан байдаг ажээ.
Б.Оюун-Эрдэнэ