Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2018-08-20 12:18:58
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Монгол Улсад эрүүл мэндийн салбарын шилдэг үйлчилгээг нутагшуулах, үндэстний мэргэжилтнүүдийн боловсролыг дээшлүүлэх, оношлогоо эмчилгээний шинэлэг арга аргачлалыг нэвтрүүлэх зорилготой Япон Монголын хамтарсан форум АШУҮИС–ийн санаачлагаар гурав дахь жилдээ болж байна.

Японы ард түмний буцалтгүй тусламжаар Монгол-Японы Сургалтын эмнэлэг ашиглалтад орж, Монголын ард түмэн олон улсын стандартын эмчилгээ үйлчилгээг эх орондоо авах боломж бүрдэж байгааг угтан тус форум нь болж байгаагаараа онцлог юм.

Мөн Монгол-Японы Анагаах ухааны гуравдугаар форумын үеэр Монгол-Японы Сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлэх, цаашдын тогтвортой ажиллагааг хангах, анагаахын багш мэргэжилтнүүдийг сургах, чадавхижуулан мэргэшүүлэх болон эрдэм шинжилгээний хамтарсан төсөл боловсруулан хэрэгжүүлэх талаар  хэлэлцэж, санал бодлоо солилцож байна.

Энэ удаагийн форумд Айчи-Гакүйн их сургууль, Доккио анагаах ухааны их сургууль, Нагояагийн их сургууль, Тохокугийн их сургууль, Хоккайдогийн эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Айчи мужийн Хавдар судлалын төв зэрэг Япон улсын нэр хүнд бүхий их сургууль, эмнэлгүүд болон Чүгү электрик зэрэг бизнесийн байгууллагуудын удирдлага, профессоруудаас бүрдсэн 30 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Харин Хоккайдогийн Анагаах ухааны их сургууль, Тохоку их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн төлөөлөгчид анх удаагаа  тус чуулганд оролцож байгаа аж.

Дашрамд хэлэхэд, тус форумын цар хүрээ жилээс жилд өргөжиж,  АШУҮИС нь Япон улсын 80 гаруй анагаах ухааны сургууль, эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн ажиллаж байгаа юм. Улмаар Японы нүүр ам судлалын холбооны санхүүжилтээр жилдээ манай улсаас 20 гаруй мэргэжилтнийг Японы их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулжээ.
 
У. Түвшинбаяр

Связанные новости