Бензингүйгээс зарим сумд тооллогондоо гараагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 15:41:16

Увс аймгийн хэмжээнд Төрийн сангаас зардал тавигдаагүй, төсөв хүндэрсэн тул зарим сумын Тамгын газарт ШТС-ын салбарууд бензин зээлээр өгөхгүй байгаа аж. Иймээс ажлын хэсгийн гишүүд сумын төвдөө мал тооллого хийж байна.

Аймгийн захиргаанаас Сангийн яам руу албан бичиг илгээж мал тооллогын зардлыг яаралтай тавиулах санал хүргүүлсэн бөгөөд өнөө маргаашгүй хариу нь ирэх аж. Энэ зардал тавигдчихвал хөдөөгийн багийнхаа тоонд гараагүй сумд ажлаа шуурхайлах юм байна. Ихэнх сумд бензиний зээл авч мал тооллогондоо гарчээ. Мал тооллогын урьдчилсан дүн мэдээг энэ сарын 14-нд ажлын хэсгийн гишүүд аймгийн Статистикийн хэлтэст өгөх аж.

Энэ сарын 7-аас эхлэн Монгол Улсын хэмжээнд мал тооллогын ажил ид явагдаж байгаа билээ. Увс аймгийн 18 суманд 134 ажлын хэсэг гарч, мал тооллогын ажлыг хийж байна. Мал тооллого энэ сарын 17-нд дуусах бөгөөд түүнээс хойш сумдын ажлын хэсгийн гишүүд мэдээллээ баазад шивж оруулах юм байна.

Увс аймаг Б.Батхүү

Связанные новости