Нобелийн шагналт Эдвард Мозер "Хүний оюун ухаан ба шинжлэх ухааны гайхамшигт нээлт" лекц уншина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-09-10 16:08:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны хөгжлийг дэмжиж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Нобелийн шагналтнуудыг урьж оролцуулах цуврал чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Энэ дагуу 2018 оны Нобелийн шагналтны анхдугаар чуулган 9 дүгээр сарын 23, 24-ний өдөр “Тархи судлал-XXI зуун” сэдвээр болох юм. Чуулганд ерөнхий илтгэгчээр Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, болон “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма нар оролцох юм. Мөн Норвеги, Швейцарь, Испани, Япон, Солонгос, Тайван, Малайз, ОХУ, БНХАУ-аас тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторууд “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд оролцож лекц уншина.
Харин, энэ сарын 24-ний өдөр Төрийн ордны Их танхимд үнэ төлбөргүй болох хүндэтгэлийн лекцэнд:
Нобелийн шагналт тархи судлаач Эдвард Мозер Хүний оюун ухаан ба шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүд сэдвээр, “Нейросайнс” шинжлэх ухааны сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма Хүний оюун ухаан ба хүний тархины хувьсал сэдвээр, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти Тархи судлал-XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан сэдвээр лекц унших юм.
Ч.Ариунболд
Связанные новости