ДУНДГОВЬ: Найман сум түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-26 16:05:57
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын А/184 тоот захирамжаар энэ онд тэгш ойтой сумдын баяр наадмын товыг баталлаа.


2024 онд тус аймгийн 8 сум 100 жилийн түүхэн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Сайнцагаан сум 7 дугаар сарын 19-20, Говь-Угтаал, Дэрэн сум 23-24, Өндөршил, Цагаандэлгэр сум 24-25, Гурвсансайхан, Луус, Өлзийт сум 26-27-нд тэмдэглэхээр шийдвэрлэжээ.


Дундговь аймаг 1942 онд байгуулагдахдаа Өмнөговь аймгаас Буянт-Овоо, Өлзийт, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Цогтчандмань, Луус, Гурвансайхан зэрэг 8 сум, Дорноговь аймгаас Баянжаргалан, Их эрээн, Өндөршил зэрэг 3 сум, Төв аймгаас Говь-Угтаал, Дэлгэрцогт, Дэрэн, Эрдэнэдалай, Цагаан-Овоо, Цагаандэлгэр, Сайнцагаан зэрэг 7 сумыг авч, нийт 18 сумтай байгуулж байсан 80 гаруй жилийн түүхтэй аймаг.


Аймгийн төвийн Сайнцагаан сум энэ жил ойгоо тэмдэглэнэ. Тус сум хөдөөгийн 4, төвийн 5 багтай, 17000 орчим хүн амтай, аймгийн хөгжлийн төв юм.  


Эрт цагт одоогийн Сайнцагаан сумын нутагт амны сайн устай, элбэг ундаргатай нэгэн худаг байсныг нутгийн ард иргэд Сайнжаргалан хэмээн нэрлэдэг байж. Нутгийн иргэд, мал сүргийг ундаалдаг тэр худгийн хойморт орших, тэрүүхэндээ л өндөрлөг дүнхгэр овоог цагаан нуруутай болохоор нь Цагаан овоо гэдэг байсан гэх. Тус сум анх байгуулагдахад ямар нэр өгөх тухай хэлэлцээд Сайнжаргалан худгийнхаа “сайн”, Цагаан овооныхоо “цагаан”-ыг сонгон Сайнцагаан хэмээн нэрлэсэн гэх домог буй.


100 жилийн түүхтэй 8 сумаас хамгийн онцлогтой сум бол Гурвансайхан. Тус сум аймагтаа “Шинэ сум” төслийг иргэдийн оролцоонд тулгуурлан цогцоор нь үр дүнтэй хэрэгжүүлсэн ганцхан сум юм. Сумын төвд нэгдсэн халаалтад холбогдож, Соёл, Спорт, Суугаант цогцолбор байгуулж, ЗДТГ, 12 жилийн сургууль, 12 айлын орон сууц, шинэ цэцэрлэг  барьж, 2018 онд халаалтын шугамыг гудамж бүрийн эхэнд ойртуулан холбожээ. Ингэснээр гэр хорооллын айл өрхүүд хашаандаа байшин барьж амьдрах боломж бүрдсэн.



Сумын төвийн гэр хорооллын бүх хашааг жигдрүүлж, засмал зам, гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэж, моджуулсан нь ч бусад сумаас илүү онцлог.


Ийнхүү аймгаасаа илүү олон жилийн түүхтэй 8 сум 7 дугаар сарын 19-нөөс эхлэн 100 жилийнхээ хөгжил, амжилтыг хол, ойрын зочдод дэлгэж, үндэсний өв соёл болсон баяр наадмаа хийх гэж байна.  



Related news