Эсгийний баярыг гадаадын 100 гаруй жуулчин сонирхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 16:50:43

 Өвөрхангай аймагт гадаад, дотоодын аялагч жуулчдыг татах зорилгоор зун, намрын цагт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдагийн нэг нь эсгийний баяр юм. аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дэлхийн Өв-Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо, Талбиун болон Урса Мажор жуулчны баазууд,  Хужирт сумын ЗДТГ хамтран “Монгол эсгийний баяр”-ыг тус сумын “Таван булгийн дэнж” хэмээх газар зохион байгууллаа.

Монгол эсгийний баярыг орон нутгийн иргэд, дотоодын амрагчдаас гадна 7-8 орны гадаадын 100 гаруй жуулчид үзэж сонирхсон байна. Энэ үеэр эсгий бүтээгдэхүүн, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, урлагийн тоглолт, хурдан дааганы уралдаан, сайхан хос шалгаруулах үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг наадмыг зохион байгуулсан ба эсгий хийх монгол аргыг сурталчилсан юм.

Монгол улсын нэгэн брэнд болсон  эсгий урлалыг олон нийтэд сурталчлан таниулах, эсгий хийх уламжлалт арга ухааныг хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, уламжлалт аргыг орчин үетэй хослуулж буй туршлагуудыг дэмжих, байгальд ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх,  нутгийн иргэдэд орлого олох боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон зорилгыг агуулж буй эсгийн баяр энэ жил 3 дахь жилдээ болж байна.

Б.Батчимэг

関連ニュース
コメント