Энэ өвөл өнтэй болно гэдэгт малчид итгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:35:38

Байгаль цаг агаарын өөрчлөлтөд нүүдлийн мал аж ахуйгаа хэрхэн эрхэлж аж төрж яваа болон мал маллагааны ямар арга туршлага байгаагаа харилцан солилцож, залуучууд нь ахмад үеийнхээ үгийг сонсч уулзалддаг малчдын зөвлөгөөнийг Сайнцагаан сум 4 дэхь удаагаа зохион байгууллаа.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэ чуулга уулзалтад өнөө жил 200 гаруй малчин залуу, улс, аймаг, сумын сайн малчид оролцсон бөгөөд тэдний яриа энэ өвөл, ирэх хаврыг өнтэй сайхан давахад чиглэсэн юм. Малчдын ярьж буйгаар ургамал ногоо гүйцэд хатаагүй байгаа тул өвлийн өнгө, цасны байдлыг тодорхойлох арай эрт байна, намрын дунд сарын шинийн 15-ны тэнгэрийг сайн ажих хэрэгтэй гэлцэж байна.  Түүхэнд үлдсэн шиг айхавтар цас зудыг энэ мичин жил үлдээхгүй байх. Дундговийн нийт нутгаар зуншлага сайхан болж 9 дүгээр сар гарсан ч бороотой байгаа тул хаврын угтамж чийгтэй, өвөлдөө нэг их хүйтрэхгүй, өнтэй өвөлжих байх гэсэн өнгө таамгийг хэлж байна. Гэхдээ өвөл л бол өвөл учраас  дор бүрнээ бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Гадаахаа гэртээ оруулахад гэмгүй. Мал олонтой бол бэлчээр маш амархан талхлагдах учраас бэлчээрийн даацаа гамнаж, малаа  хуваан оторлуулах нь тохиромжтой. Отор нүүдлээр явахдаа бусдын малын бэлчээрийг хайрлаж, эв зүйг эрхэмлэж явах нь чухал. Отор нүүдлийнхээ гарцыг оновчтой олчихвол өвөл, хаврыг ажрахгүй давж чадна гэлцэж байсан юм.

Сайнцагаан сумын Засаг дарга М. Баянсан Төв аймгийн Баянцагаан сумтай отор нүүдлийн гэрээ байгуулсныг малчиддаа дуулгаж, “Сумын нөөцөд урьд оны үлдэгдэл 60 гаруй тонн өвс байгаа дээр одоо 25 тонн тэжээл нэмж нөөцөлнө. Өнгөрсөн жил сургуулийн сурагчдын бэлтгэж өгсөн халтар хомоолоос 1000 гаруй шуудай нь үлдсэнийг энэ жил ашиглах боломжтой. Энэ жил ч мөн сурагчид халтар хомоол түүж бэлдэнэ” гэлээ.

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын тогтоол, үүн дээр үндэслэсэн аймгийн Засаг даргын албан даалгавар, дээр нь сумын Засаг даргын албан даалгавар гарсан байгааг санаж, өвөл, хаврын бэлтгэлээ шуурхайлахыг сумын Засаг дарга малчиддаа сануулж, өвлийг өнтэй сайхан давж, урин хавартай учран золгохын ерөөл талбив.

Бүтэн нэг өдөр үргэлжилсэн малчдын чуулга уулзалтад хөрш зэргэлдээх Төв аймгийн Баянцагаан сумын малчдын төлөөллийг урьж оролцуулсан бөгөөд ингэснээр хоёр сумын малчид хоорондоо туршлага солилцохоос гадна отор нүүдэл хийхэд бие биедээ тусалж, хамтын хүчээр өвөл, хаврыг давахад ач холбогдолтой болж байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

関連ニュース
コメント