Францад терроризмын аюулын сэрэмжлүүлгийн түвшнийг дээшлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-03-26 12:19:06

ПАРИС, 2024 оны гуравдугаар сарын 26 /Politico/. Францын Засгийн газар терроризмын сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд хүргэж ахиулсныг тус улсын Ерөнхий сайд Габриэль Атталь мэдэгдлээ. Москвагийн концертын танхимд 140 орчим хүний аминд хүрсэн халдлага гарсны дараа уг шийдвэрийг гаргажээ.  


Халдлагын хариуцлагыг Лалын улс” бүлэглэл хүлээж, манай улсад аюул занал учирч байгааг харгалзан үзсэний үндсэн дээр бид үндэсний аюулгүй байдлын сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд хүргэхээр шийдлээ гэж Г.Атталь Х нийгмийн сүлжээний хуудсаараа мэдэгдсэн байна. Францын Аюулгүй байдлын танхимын хуралдааны дараа ийм шийдвэрийг гаргажээ. Хуралд Ерөнхийлөгч Эммануэл Макрон оролцсон байна.


Францын терроризмын аюулын сэрэмжлүүлгийн систем нь гурван түвшинтэй бөгөөд халдлага гарах аюул заналхийлж буй үед хамгийн дээд түвшнийг зарладаг. Ийм үед шашин мөргөлийн газар, галт тэрэг, нисэх онгоцны буудал гэх мэт олон нийтийн газруудад эргүүл хийх цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх зэргээр аюулгүй байдлын арга хэмжээг чангатгадаг байна.


Парисын Олимпын наадам болохоос дөрвөн сарын өмнө дээрх шийдвэрийг гаргалаа. Францын эрх баригчид террорист халдлага гарч болзошгүй гэж болгоомжилж байгаа тул ирэх долоодугаар сард Сена мөрөн дээр болох Олимпын наадмын нээлтийн ёслолыг үзэх хүмүүсийн тоог цөөрүүлэх шийдвэрийг өмнө нь гаргасан билээ.

関連ニュース