АРХАНГАЙ: Ч.Хүслэнгийн алтан бэхээр бичсэн бүтээл тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-04-08 17:08:24

Эрдэнэбулган, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол туургатны “Миний монгол бичиг” олон улсын VIII уралдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан. 


Энэ уралдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 11в ангийн сурагч Ч.Хүслэн сурагчийн ангиллын Бүтээлийн төрөл-д “Уран Тангараг хааны Хятадын хааны охиныг залсан тууж оршвой” судрыг даавуун дээр бичсэн бүтээлээр оролцож, тэргүүн байр эзэлжээ.


Ч.Хүслэн уралдаанд зориулан дээрх хуучин хэвлэмэл судрын хуудас бүрийн тиг хэмжээг алдалгүй, алдаагүй бүтнээр нь хятад торгон хоргойгоор эмжсэн энэтхэг даавуун дээр алтан бэхээр хичээнгүйлэн бичсэнээс гадна бүтээлийнхээ он удаан жил хадгалагдах үнэ цэнийг бодон 145х36.5 хэмжээтэй модон шогол хийлгэж, хонины шагай, сураар чимэглэжээ.


“Уран Тангараг хааны Хятадын хааны охиныг залсан тууж оршвой” судар нь “Ногоон Дара эх Бодисадыг залсан бүлэг” бөгөөд уран зохиолын хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн нь сонирхолтой.


Тус судар нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн ахмад багш С.Очирпүрэвт хадгалагдаж байсан ба 2023 оны 5 дугаар сард Ч.Хүслэн ангийн багш Ц.Цэрэнбалжидын хамт кирилл бичигт буулгаж, уншигчдын хүртээл болгож байсан юм.  


Ц.Цэрэнбалжид багшийн хувьд 2017 оноос эхлэн энэ уралдаанд 100 гаруй шавиа бэлтгэн оролцуулсан бөгөөд 2018 онд тус уралдааны үндэсний бичгийн олимпиадын "Мэргэжлийн багш" ангилалд багш өөрөө, шавь 8а ангийн сурагч Б.Энхчимэг олимпиадын "6-9-р анги" ангилалд, 2023 онд 11e ангийн сурагч О.Баярчулуун сурагч ангиллын "Бүтээлийн төрөл" тус тус түрүүлж байжээ.

関連ニュース