ДУНДГОВЬ: Аймгийн бахархал, үнэт зүйл, өв соёлыг таниулсан хөшөө дурсгал

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2024-04-18 14:51:07
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөшөө бүр өөрийн түүх, дурсгалыг хадгалсан ард түмний соёлын үнэт өв, оюун санааны дархлаа юм. Дундговь аймагт нутгийн ард түмний бахархал болсон түүхэн хүмүүс, үнэт зүйл, өв соёлыг таниулсан хөшөө дурсгал олон буй.



Тухайлбал, эрэлхэг эх оронч Чин Ван Гадинбалын Чагдаржавын хөшөө, эрдэмтэн, гүн ухаантан, шашны нэрт зүтгэлтэн, гавж Зава Дамдины хөшөө, Улсын гавьяат, алдарт уран зохиолч Сономбалжирын Буяннэмэхийн хөшөө, Даншигийн их аварга Самбуугийн Чүлтэмийн хөшөө, төр, нийгмийн зүтгэлтэн Жанлавын Наранцацралтын хөшөө, Морьт отрядын жанжин Ч.Мижидийн хөшөө, “Уяхан Замбуу тивийн наран” гэрэлт хөшөө, цасан шуурганд нийгмийн олон малыг хамгаалан тэмцэж яваад амь эрсэдсэн хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөө зэрэг түүхэнд мөнхөрсөн, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон түүхэн хүмүүст зориулсан дурсгал байдгаас гадна аймгийн үнэт зүйл, өв соёлыг харуулсан том морин хуур, далавчтай хүрэл морины хөшөө, амгалан төрийн ажнай шаргын хөшөө, "Үлэмжийн чанар" дуунд зориулсан хөшөө зэргийг дурдаж болно.



Дундговь аймагт зориулж босгоогүй, сүүлд авчирч байрлуулсан нэгэн өвөрмөц хөшөө тус аймагт байдаг нь Их жанжин Сүхбаатарын хөшөө юм. Уг хөшөөг 1946-2011 онд Сүхбаатарын талбайд байрлаж байснаар нь хүн бүхэн мэддэг.


Тус хөшөөг одоо Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг, Чойрын хийдийн Соёмбот орон сүмийн өмнөх талбайд 14 арслантай нь хамт байршуулсан байдаг. 1946 онд уг хөшөө, дурсгалыг 14 арслангийн хамт уран барималч С.Чоймболын эх загвараар бүтээж, нийслэлийн төв талбайд залж байсан бол 2011 онд Засгийн газрын шийдвэрээр хуучин хөшөө, арслангуудыг буулган хөшөөг анхны эх загварын дагуу хүрэлдэж цутган шинэчилсэн юм.


Энэ үед Зава Дамдин Ринбүчи Лувсандаржаа Улаанбаатар хотноо ажлаар явахдаа нэгэн айлын хашаанд эдгээр хөшөө, арслангууд байхыг анзаарч, ажил хариуцсан хүмүүсээс зөвшөөрөл аван, жанжны хөшөө, түүнийг тойрсон арслангуудыг хийддээ авчран залсан байна. Хөшөөг буулгах явцад зарим хэсэг нь хагарч, эвдэрсэн байсныг сэргээн засварлажээ.   



2023 онд тус аймагт нэгэн шинэ хөшөө, дурсгал босгосон нь говийн 5 дугаар догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулан Сүм хөх бүрд түүхэн дурсгал бүхий байгалийн үзэсгэлэнт газарт “Үлэмжийн чанар” дуунд зориулан босгосон хөшөө юм.


Тус аймгийн Гурвансайхан сумын нутаг, Их газрын чулууны ууланд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын алдрыг мөнхжүүлэн “Уяхан замбуу тивийн наран” дуунд зориулсан хөшөөг 2006 онд босгосон бол “Үлэмжийн чанар” дуунд зориулсан хөшөө хоёр дахь нь юм.