“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-04-23 11:24:59

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /CNN/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ инженерүүд “Вояжер-1” сансрын аппаратаас сүүлийн таван сарын хугацаанд анх удаа тайлж уншиж болохуйц мэдээлэл хүлээн авчээ.


“Вояжер-1” одоогоор Дэлхийгээс 24 тэрбум км-ийн зайд байгаа бөгөөд ашиглалтад оруулснаас хойш 46 жилийн турш ажиллаж буй уг аппаратад сүүлийн жилүүдэд хуучирч элэгдэж буйн шинж тэмдгүүд ажиглагдах болсон байна. Тухайлбал, 2023 оны 11 дүгээр сард нислэгийн мэдээллийн системийн телеметрийн модуляцын нэгж нь тайлж унших боломжгүй давтагдсан кодуудыг илгээж эхэлсэн байна. Уг аппаратын нислэгийн мэдээллийн систем нь төхөөрөмжүүдээс мэдээллийг цуглуулж, өөрийн төлөв байдлыг харуулсан инженерийн мэдээлэлтэй хамт багцалдаг. Улмаар Дэлхий дээрх хяналтын төв эдгээр өгөгдлийг хоёртын код буюу нэг ба тэгийн цувралаар хүлээн авдаг байна.


Гэтэл 11 дүгээр сараас хойш “Вояжер-1”-ийн нислэгийн мэдээллийн систем гацсан байна. Уг аппарат сүүлийн хэдэн сарын турш Дэлхий дээрх хяналтын төвд радио дохиоллыг тогтмол дамжуулсаар байсан боловч тэдгээрт ашиглах боломжтой мэдээллүүд байхгүй байсан юм.


Харин дөрөвдүгээр сарын 20-ны өдөр “Вояжер-1”-ийн системийн төлөв байдлын талаарх анхны ашиглах боломжтой мэдээллийг хүлээн авсан байна. Мэргэжилтнүүд уг мэдээллийг хянан нягталж байгаа ба “Вояжер-1” хэвийн ажиллаж байгаа болохыг мэдээллүүд харуулж байгаа ажээ.


“Өнөөдөр “Вояжер-1”-ийн хувьд гайхалтай өдөр байлаа. Бид сансрын аппараттай холбоогоо дахин сэргээсэн. Мөн  шинжлэх ухааны мэдээллийг дахин хүлээж авахыг тэсэж ядан хүлээж байна” гэж “Вояжер” төслийн ажилтан Линда Спилкер ярилаа. 

関連ニュース