СҮХБААТАР: Онцгой комиссын хурлаар сэг зэм устгал, хээрийн түймрийн нөхцөл байдлыг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-23 17:40:26

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Онцгой комиссын 6 дугаар хурал боллоо. Хурлаар малын сэг зэм устгалын ажил болоод хээрийн түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын талаар хэлэлцэв.


 

Сэг зэм устгалын явц, тулгамдаж байгаа асуудлын талаар МЭГ-ын дарга М.Молорчимэг танилцуулав. Аймгийн хэмжээнд 13 суманд 503 устгалын цэгт 704 хүн ажиллаж байна. Тус аймгийн хэмжээнд нийт 1,6 сая толгой мал хорогдсон бөгөөд сэг зэм булах, устгах ажил 10 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг ажлыг эрчимжүүлэхээр Онцгой комиссоос техник, хүн хүч, шатахууны зардалд 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

 


 

Хаврын хуурайшилтын цаг эхэлсэнтэй холбоотойгоор тус аймагт гарч буй хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБГ-ын дарга, хурандаа Б.Анхбаяр мэдээлэл өгсөн юм. Энэ оны 3, 4 дүгээр сард 12 удаагийн хээрийн түймэр гарч, 52 авто машин, 272 албан хаагч түймрийг унтраахаар ажиллажээ. Түймрийн улмаас нийт 96 мянган га талбай шатсан нь өнгөрсөн оны мөн үеэс экологийн хохирол их гарчээ.


 

Сумдын удирдлагад хүн хүч, машин техник, санхүүгийн боломжоо харгалзан үзэж сэг зэмийн устгалыг ойрын хугацаанд дуусгах, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг аймгийн Онцгой комиссын дарга үүрэг болгов.

関連ニュース