Олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд монгол эрдэмтэд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-04-23 19:43:01

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. БШУЯ, МУИС, төрийн өмчийн их, дээд сургуулиудын дундын удирдах зөвлөл хамтран “Шинжлэх ухаан технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. 


Хоёр өдөр үргэлжлэх тус хурал их сургуулиудын судалгаа, инновацын өнөөгийн хүрсэн түвшинг олон нийтэд хүргэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, төрөөс олгох судалгааны санхүүжилтийн талаар зөвлөмж боловсруулж, хүргүүлэх  зорилготой юм.  


Хуралд АНУ, Их Британи, Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман зэрэг улсын 10 гаруй нэрт эрдэмтэн, Монгол Улсын их сургуулиудын эрдэмтэн багш нар, залуу эрдэмтдийн төлөөлөл 200 орчим хүн оролцож байна. 


Нээлтийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “1944 онд Монгол улсын их сургууль Монголын анхны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байлаа. Анхны хурлаар биологи, анагаах ухаан, математик, хими, мал эмнэлгийн профессорууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байжээ. Энэ цаг үеэс хойш Монгол Улсын эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж ирлээ. Манай эрдэмтэн судлаачид өнөөдрийн байдлаар олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд бүртгэлтэй 8000 гаруй бүтээл хэвлүүлсэн бөгөөд тэдгээрээс 90 мянга гаруй удаа эшлэгдсэн байна. Нийт бүтээлийн 80 гаруй хувийг шинжлэх ухааны академи, төрийн өмчийн голлох их сургуулиудын эрдэмтэд хэвлүүлжээ. Эдгээр бүтээлийн 70 гаруй хувийг төрийн өмчийн таван их сургуулиас бүтээсэн нь шинжлэх ухаан, инновацын хөгжилд их сургуулиудын оролцоо өндөр буйг илтгэж байгаа юм” хэмээв. Мөн Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, тэр дундаа шинжлэх ухаан, технологийн сэргэлтэд их сургуулиудын оролцоог дээшлүүлэхэд төр засаг, их сургуулиудын анхаарлыг хандуулж энэ чиглэлээр тодорхой санал зөвлөмж боловсруулахад энэ хурал ач холбогдлоо өгнө гэв.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралд оролцож буй эрдэмтэн судлаачдад амжилт хүсэж илгээлт хүргүүлсэн юм. Уг илгээлтэд, Засгийн газраас шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж “Төр засаг, их сургууль, энтрепренер байгууллагууд санхүүжилтийн олон талт эх үүсвэрийн хамтарсан уян хатан тогтолцоог бий болгох нь чухал. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчид эдгээр асуудлаар олон улсын туршлага судалж, хэлэлцэн шүүж, бүтээлч санаачилга зөвлөмжийг гаргана гэдэгт найдаж байна. Та бүхний гаргасан санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин хамтран ажиллах болно” хэмээжээ. 


Хурлын үеэр Засгийн газраас баталсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид  тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх” журмын шаардлагыг бүрэн хангасан докторын сургалтын  үндсэн цагийн хөтөлбөрт суралцах тэтгэлгийг анхны 16 докторантурт гардуулсан юм. 

Энэхүү хуралд “Шинжлэх ухаан, технологийн, инновацын хөгжилд их сургуулийн оруулах хувь нэмэр”, “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал ба хиймэл оюуны эринийг их сургуулиуд хэрхэн даван туулж манлайлах вэ”, “Хиймэл оюун ба дээд боловсролын шинэчлэл” зэрэг илтгэлийг тавьж, “Их сургууль-шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тэргүүн эгнээнд”, “Дэлхийн мэдлэгт хувь нэмэр оруулах залуу эрдэмтэд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. 





関連ニュース