Р.Надаль Мадридын нээлттэй тэмцээнийг илт давуу хожлоор эхлүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-04-26 10:55:10

МАДРИД, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /BBC/. Испанийн алдарт теннисчин Рафаэль Надаль Мадридын нээлттэй тэмцээнд Америкийн залуу тамирчин Дарвин Бланчийг илт давуу хожлоо. 


2024 оны улирлын дараа зодог тайлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд буй Р.Надаль 16 настай өрсөлдөгчөө 63 минутын дотор 6-1 6-0 харьцаагаар хожсон байна. Тэрбээр Мадридын тэмцээнд таван удаа түрүүлж байсан юм.


Өдгөө 37 настай Р.Надаль ирэх сард болох Францын нээлттэй тэмцээнд “өөрийгөө өрсөлдөж чадна” гэж үзсэн тохиолдолд оролцоно гэдгээ энэ долоо хоногт мэдэгджээ. Тэрбээр дараагийн шатанд Австралийн теннисчин Алекс де Минортой тоглох бөгөөд өнгөрсөн долоо хоногт Барселоны нээлттэй тэмцээний хоёр дахь шатанд түүнд хожигдсон юм.


Их дуулгын 22 удаагийн аварга Р.Надаль бэртлийн улмаас гурван сарын турш талбайгаа орхисны эцэст Барселоны нээлттэй тэмцээнд эргэн ирсэн билээ. Түүнийг мэргэжлийн талбайд дахин гарч чадахгүй байх вий гэж олон нийт санаа зовниж байв. Р.Надалийн 14 удаа аваргалсан Францын нээлттэй тэмцээн ирэх тавдугаар сарын 26-нд эхэлнэ.


Мадридын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийн чансааны нэгдүгээр эрэмбэлэгдэж буй Польшийн тамирчин Ига Свёнтек Хятадын теннисчин Ван Шиюг 6-1 6-4 харьцаагаар буулган авчээ. Мөн дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж буй Америкийн тамирчин Коко Гауфф Нидерландын тамирчин Арантса Русыг /6-0 6-0/, тавд эрэмбэлэгдэж буй Грекийн теннисчин Мариа Саккари Хорватын Донна Векичийг /6-3  6-2/-оор тус тус хожсон байна.


Харин Их дуулгын дөрвөн удаагийн аварга Наоми Осака 15-д эрэмбэлэгдэж буй Оросын тамирчин Людмила Самсоновад 6-2 4-6 7-5 харьцаагаар хожигдсоноор тэмцээнийг орхилоо.

関連ニュース