У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-26 14:39:34

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ, энэхүү чуулган эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, эх түүх, өв соёл, үндэсний бахархлыг сурталчлан таниулах, иргэд, хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв. Түүнчлэн тэрбээр монгол цэрэг эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг батлан хамгаалахын зэрэгцээ улс орныхоо нийгэм, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх, эрүүлийг хамгаалах гээд нийгмийн бүхий л салбарт хүчин зүтгэж, сорилт бэрхшээл бүхнийг нуруундаа үүрч ирснийг тэмдэглэлээ.


Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд, “Нандигнан дээдлэх үндэсний өв соёл, үнэт зүйл”, “Эрхэмлэн хамгаалах үндэсний эв нэгдэл”, “Үндэсний язгуур эрх ашиг-Аюулгүй байдал”, “Монгол хүн-Монголын баялаг”, “Ногоон хөгжил-Монголын ирээдүй” зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдээс гадна Монгол цэргийн нэгдсэн холбоо дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Цаашид хүүхэд залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох зорилгоор үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөө хэлж, үүнд холбооны удирдлага, гишүүдийн манлайлал, үүрэг оролцоо, мэдлэг туршлага чухал гэдгийг онцлов.


Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоогоос энэ үеэр тус холбоог байгуулах болсон хэрэгцээ шаардлага, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгааг асууж тодрууллаа. Тэрбээр “Анх нэг онд цэргийн сургууль төгссөн төгсөгчид бие биедээ тусалж дэмжих байдлаар хамтарсан хөдөлгөөнийг эхлүүлж байлаа. Түүний дараагаар цэргийн төрөлжсөн мэргэжлийн холбоод байгуулагдаж, улмаар “Цэргийн андууд” дурсамж уулзалтыг зохион байгуулсан нь манай холбооны эхлэл суурь болсон. Өөрөөр хэлбэл, цэргийнхний дунд эх орноо хайрлах үзэл мэргэжлийн нөхцөл байдлаас үүдэж давуутай байдаг. Тиймээс бид хамтарч нэн тэргүүнд эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэхийг чухалчилсан. Ингээд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 1000 гаруй ахмад дайчныг оролцуулсан анхдугаар их хурлыг 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд зарлан хуралдуулж, эрхэм зорилгоо дэвшүүлж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг тодорхойлж байв.


Манай холбоо өнгөрсөн хугацаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид, ахмадууд, хүүхдүүд, оюутан залуус, эмэгтэйчүүд, энхийг сахиулагчид зэрэг нийгмийн бүхий л давхаргыг хамарсан 230 гаруй ажлыг зохион байгуулсан байна. Эдгээрээс Монгол цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болох иргэдэд эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, тусгаар тогтнол, аюулгүй байдал, төрт ёсны эрхэм үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, эх түүх, хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ дийлэнх хувийг эзэлж байна.


Ерөнхийлөгч сая хэлсэн үгэндээ монголчуудыг эх оронч болгож төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлье гэсэн санааг дэвшүүллээ. Цаашид бид энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах үүргийг хүлээж авлаа гэж ойлгож байна" хэмээв.


Тус холбоо эдүгээ 21 аймаг, 9 дүүрэг, гадаадад 2 салбартай, 100 мянга гаруй гишүүд дэмжигчтэй үндэсний хэмжээний байгууллага болон төлөвшсөн байна.







関連ニュース