Саакашвилид шадар сайдын албан тушаал санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-04-23 15:05:02

КИЕВ. /BBC/. Украины  Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсын шинэчлэлийн асуудал эрхэлсэн шадар сайдын албан тушаалыг өөрт нь санал болгосон гэж Гүржийн Ерөнхийлөгч асан, Одесс мужийн захирагчийн албыг хашиж байсан Михаил Саакашвили мэдэгдсэн байна. 


Украины Дээд Рада Алексей Гончарук тэргүүтэй тус улсын Засгийн газрыг гуравдугаар сарын 4-нд огцруулж, Денис Шмыгаль тэргүүтэй сайд нарын шинэ танхимын бүрэлдэхүүнийг баталсан билээ. Харин гуравдугаар сарын сүүлчээр Сангийн болон Эрүүл мэндийн яамны дөнгөж томилогдсон сайд нарыг огцруулжээ.  


“Ерөнхийлөгч Зеленский Украины Засгийн газарт шинэчлэлийн асуудал эрхэлсэн шадар сайдаар ажиллах санал тавьсан нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Би мөн Ерөнхий сайд Шмыгальтай гүнзгий агуулгатай, үр дүнтэй яриа өрнүүлж, Засгийн газарт миний хийх боломжтой бүх асуудлыг нарийвчлан ярилцлаа” гэж Саакашвили фейсбүүк хуудсандаа бичсэн байна. 


Тэрбээр саналыг хүлээн авсан болох нь түүний үгнээс харагдаж байна. "Улс орны хувьд амаргүй нөхцөл байдалд байгаа учир би энэ саналд, гаргасан шийдвэртээ маш хариуцлагатай хандана. Биднийг эдийн засаг, төдийгүй улс орны амьдралыг бүхэлд нь хамарсан маш хүнд үе хүлээж байна. Одоо бид урьд өмнөхөөсөө илүү зоримог шийдвэр гаргаж, шинэчлэл хийх хэрэгтэй” гэж тэрбээр бичжээ.   


Саакашвилиг шинэчлэлийн асуудал эрхэлсэн шадар сайдаар томилох асуудлыг үнэхээр хэлэлцэж байгаа болохыг “Ард түмний зарц” намаас Дээд Радад депутатаар сонгогдсон Александр Качура Украины мэдээллийн агентлагт мэдээлжээ. Харин Саакашвилигийн дээрх мэдэгдэлд Зеленскийн ажлын албанаас тайлбар хийгээгүй байна.


Саакашвилиг томилох асуудлыг Дээд Рада энэ баасан гарагт хэлэлцэж магадгүй гэж нэрээ нууцалсан эх сурвалж “Украины үнэн” сонинд мэдээлжээ.

Холбоотой мэдээ