Фитнес клубийн үйлчлүүлэгчид ЭМДС-гийн буцаан олголтод хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-05-18 21:35:57

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Фитнес клубт хичээллэсэн иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас улирал бүр 60 мянган төгрөгийн буцаан олголтыг өгөхөөр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Сүхбаатар аймагт хэрэгжүүлэх шаардлагыг "Ханан" фитнес клуб хангажээ.  

Эрүүл мэндийн сайд болон БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан шалгуур үзүүлэлтэд тэнцэж, улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн 13 клубийн нэгээр тодорсон. Ингэснээр манай клубээр үйлчлүүлсэн иргэн ЭМДС-гийн буцаан олголт буюу урамшуулалд хамрагдах боломжтой. Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлтгэж, бүртгэлийн программаа ашиглалтад орууллаа. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч хурууны хээгээр бүртгэлээ заавал баталгаажуулах ёстой. Энэ бүх нөхцөл боломжийг бүрдүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор манай клубийн зүгээс нэг сарын хугацаанд фитнесжүүлэх аяныг өрнүүлж эхэлсэн гэж тус клубийн дасгалжуулагч багш, ОУХМ С.Ууганзаяа  хэллээ.

Буцаан олголтод хамрагдахын тулд үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн даатгал төлдөг байхаас гадна тухайн фитнес  клубт гурван сарын турш хичээллэхдээ долоо хоногт 2-3 удаа, улиралд нийт 24 удаа явсан байх шаардлагатай.

"Ханан" фитнес клуб нь шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, мэргэжлийн ур чадвартай багш нартайгаар стандартын байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Онцгой нөхцөл байдал үүсч, хөл хорио тогтоогоод буй энэ цаг үед өдөр бүр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжүүдийг мөрдөн ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, үйлчлүүлэгчдэд зориулсан тусгай зөвлөмжийг боловсруулан тэднээр мөрдүүлэн ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ