Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 15 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-27 13:13:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Европын холбооны худалдааны өдөр" МҮХАҮТ-д өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өдөрлөг нь “Монгол Улсын Европын Холбооны зах зээлд гаргах экспортын чадамжийг нэмэгдүүлэх” гэсэн чиглэлээр болж буйг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлж байна.

Тэрээр, статистик мэдээллээр манай улсад сүүлийн гурван жилд уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ 15 хувиар нэмэгдсэнийг онцолж, 2017 оноос хэрэгжүүлж буй Европын холбооны ТРАМ төсөл чухам  уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хувь нэмрээ оруулж буйг тэмдэглэв. Жишээ нь, төслийн шугмаар манай улсад чацаргана, гоо сайхан, арьс шир, сарлагийн хөөвөр ба торомны ноос гэсэн 4 кластер байгуулаад буйг тодотголоо. 


Өнөөдрийн өдөрлөгийг мөн "GSP Hub" төслөөс зохион байгуулж байна. Тодруулбал, экспортын бүтээгдэхүүний шинэ төрлүүдийг тодорхойлох замаар GSP+ буюу Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн ашиглалтыг нэмэгдүүлэх, Европын компаниудыг Монгол Улсаас бүтээгдэхүүн импортлохыг дэмжих, олон улсын тогтвортой байдлыг хангах стандартууд нэвтрүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг оролцогчдод өгч байна.  




Тухайлбал, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг танилцуулж, ЖДҮ эрхлэгчдэд экспортын санхүүжилтийн арга замын талаар зөвлөж байна. Өдөрлөгт кластерын нэмүү өртгийн сүлжээг бий болгоод буй ААН-үүдийн болон хувийн хэвшлийн 200 гаруй төлөөлөгч оролцож байна. 



 Гэрэл зургуудыг Б.Чадраабал


Холбоотой мэдээ