Алтай хотын иргэд стандартын шаардлага хангасан цэвэр усаар хангагдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-15 12:34:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Тайшир-Алтай” ус хангамжийн төсөл амжилттай хэрэгжиж Алтай хотын иргэд эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан цэвэр усанд бүрэн холбогдлоо.

Тодруулбал, “Тайшир-Алтай” ус хангамжийн төсөл амжилттай хэрэгжиж Алтай хотод байрлах нөөц усны байгууламж дахь усыг Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн шинжилгээнд өгч эрүүл ахуйн шаардлага хангасан болохыг тогтоосноор ийнхүү 11 дүгээр сарын 12-нд Алтай хотын иргэдэд усаа түгээж эхэллээ хэмээн “Ундарга-Алтай” ААТҮГ-аас мэдээлэв.

Бүгд Найрамдах Австри улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр "Тайшир-Алтай” ус хангамжийн төсөл хэрэгжиж, улсын комисс ашиглалтад хүлээж авсан билээ. Монгол Улсын Засгийн газрын “Төлөвлөгөө батлах тухай” 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 202 дугаар тогтоолоор “Тайшир сумаас аймгийн төв рүү цэвэр ус дамжуулах 45 км магистраль шугам барих техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах” арга хэмжээ батлагдсанаар тус төслийн эхлэл тавигдсан. Төслийн хүрээнд 54.8 км урт цэвэр усны шугам, хоёр өргөх насосын станц, 2000 м3 усан сан, хоногт 172м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай ус цэвэршүүлэх байгууламж барьж, Тайширын усан цахилгаан станцын үүсгэсэн Гэгээн нуураас ус татан цэвэршүүлж байгаагаараа онцлог юм.

Монголд анх удаа гадаргын усыг шинэ технологиор цэвэршүүлсэн унд-ахуйн зориулалттай, эрүүл ахуй, стандартад нийцсэн усыг Алтай хотын иргэд ашиглаж эхэллээ.


Холбоотой мэдээ