Алтай суманд 3000 кВтц-ын багтаамж бүхий цэнэг хураагуурын системийг суурилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-16 14:50:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай суманд 3000 кВтц-ын багтаамж бүхий цэнэг хураагуурын системийг суурилуулах ажил хийж байна. 

Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Алтай сумын нарны цахилгаан станцын хүчин чадлыг 300 кВт-аар өргөтгөж, шинээр 3000 кВтц-ын багтаамж бүхий цэнэг хураагуурын системийг суурилуулахаар ажиллаж байна.

Энэхүү төсөл нь нийт 1,078,936.00 ам.долларын төсөвт өртөгтэй юм. Одоогийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 49 хувь, худалдан авалт 65 хувь, барилга угсралтын ажил 8 хувь, барилга заслын ажил 35 хувьтай үргэлжилж байна хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

”Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийг 2018 оноос Алтай суманд хэрэгжүүлэхээр болж нар, салхины хосолсон систем бүхий 24 цагийн эрчим хүчний эх үүсвэртэй болгох судалгааны ажил эхэлсэн байна. 18 сар гаруй хугацаанд судалгаа хийсний үр дүнд салхинаас тог гаргах нь үр дүн муутай гэсэн хариу гарчээ. Үүнтэй холбоотойгоор нарны цахилгаан эх үүсвэрийн хүчин чадлыг 300 кВт-аар өргөтгөж, шинээр 3000 кВтц-ын багтаамж бүхий цэнэг хураагууртай болгохоор төлөвлөсөн байна. Ингэснээр Алтай сум 24 цагийн тог цахилгаантай болох юм.


Холбоотой мэдээ