CGTN: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад албан ёсны айлчлал хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-26 15:33:30

БЭЭЖИН. /CGTN/. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ.


“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотын олон улсын нисэх буудалд өнөө өглөө хүрэлцэн ирлээ” гэж “CGTN” телевизийн сэтгүүлч Сунь Еэ мэдээлжээ.


Тэрбээр Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар айлчилж байгаа бөгөөд энэ долоо хоногт Тяньжян хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад Барбадос, Шинэ Зеланд, Вьетнам зэрэг орны Ерөнхий сайд нар болон дэлхийн бусад улс орны удирдагчдын хамтаар оролцоно.


Хятад, Монгол Улс нь бат бөх харилцаатай орнууд билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятад улсад айлчилсан юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн хэлэлцээний үеэр талууд энх тайвнаар зэрэгцэн орших, эв санааны нэгдэлтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхийн төлөө хамтран ажиллахаа нотолсон билээ.


БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ, хоёр орны хамтын хүчин чармайлтыг эрчимжүүлснээр Бүс ба Зам”-ыг “Талын зам” санаачилгатай, Дэлхийн хөгжлийн санаачилгыг Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”-той, Хятадын хоёр үе шаттай хөгжлийн стратеги болон Монголын Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг уялдуулах боломжтой болно гэж мэдэгдсэн юм.


Өнгөрсөн онд Ши Жиньпин 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих Улаанбаатарын төлөвлөгөөг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлээд, Бээжин цөлжилттэй тэмцэхэд хамтран ажиллахад бэлэн байгааг онцолсон билээ.


Энэ хавар хоёр оронд хүчтэй шар шороон шуурга нүүрлэсэн нь Хятад, Монгол Улс байгаль орчны салбарт үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай байгаад дахин анхаарал хандуулахад хүргэсэн юм. 

Холбоотой мэдээ