SCMP: Монгол, Хятад технологи, төмөр замын холболт, ногоон хөгжлийн талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-27 11:10:24

БЭЭЖИН. /SCMP/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх зургаан өдрийн айлчлалын үеэр технологи, төмөр замын холболт, ногоон хөгжлийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна. 


Өндөр түвшний төлөөлөгчдийг тэргүүлж буй Л.Оюун-Эрдэнэ Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзах төлөвтэй байгаагаас гадна, хойд нутгийн Тяньжин боомт хотноо мягмар гаргаас баасан гарагт болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Шинэ манлайлагчдын 14 дэх удаагийн уулзалт буюу “Зуны Давос”-т оролцоно.


“Миний бие БНХАУ-д анхны албан ёсны айлчлалаа хийж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх боломж олдсонд баяртай байна” гэж Л.Оюун-Эрдэнийн албан ёсны мэдэгдэлд тэмдэглэжээ. Шинжлэх ухаан, технологи, инновац, ногоон хөгжил, тэр дундаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг төслүүдэд ахиц гаргах талаар хэлэлцэнэ гэж уг мэдэгдэлд дурдсан байна.


“Хятад улс Монголтой яагаад ийм харилцаа тогтоох сонирхолтой байгааг би хувьдаа ойлгож байна. Тус улс нь Хятадын Төв Азитай өрнүүлэх харилцаанд маш чухал... Хятад улс үүнийг алсын хараатайгаар алхам алхмаар хийж байна” гэж Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эдийн засгийн хөгжлийн төвийн дарга Эдвин Лай хэллээ. Энэ бол ерөнхийдөө хөгжиж буй орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаар дамжуулан харилцаа тогтоох маш тохиромжтой стратеги юм гэж тэрбээр нэмж хэлэв.


Хоёр орны Засгийн газар Гашуунсухайтын төмөр замаар дамжуулан холболтыг сайжруулах, мөн Бичигт, Шивээхүрэн төмөр замын сүлжээг нэгтгэх чиглэлээр ажиллана. 


Монголын Тавантолгой нүүрсний ордоос Гашуунсухайт боомт чиглэлийн төмөр зам өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орсон бөгөөд энэ нь Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг жилд 50 сая тоннд хүргэх хүчин чадалтай байна.


Монгол Бичигт, Шивээхүрэн боомтын аль алинийг Хятадын ӨМӨЗО-той холбох боломжтой бөгөөд төмөр замын бүтэц илүү хөгжсөнөөр нүүрс, зэс зэрэг овор ихтэй ачааг тээвэрлэхэд дөхөм болох төлөвтэй байна.


“Хятадын зорилго бол Монголоос баруун тийш Беларусь хүртэл төмөр замын төслүүдээ өргөжүүлэх явдал юм” гэж Австралийн Тасманийн их сургуулийн Ази судлалын профессор Жеймс Чин хэлжээ.


Монголын төлөөлөгчид мөн Хятадад хийх айлчлалынхаа үеэр Хятадын своп зээлийг хөгжлийн зээл болгон сунгах боломжийг судлахаар төлөвлөж байна.


Сингапур дахь ISEAS-Ysof Ishak хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жаянт Менон хэлэхдээ, Хятад улс зээл болон бүтээн байгуулсан аливаа дэд бүтцийг “холболтын томоохон төлөвлөгөө”-нийхөө нэг хэсэг болгон ашиглаж байна гэжээ.


“Монгол Улс Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон талт байгууллагуудад түшиглэдэг учраас энэ зээлийг дуртайяа хүлээж авах болно” гэж тэрбээр нэмж хэлээд, олон талт зээлдүүлэгчидтэй харьцуулахад Хятадын зээлүүд “хамаагүй хөнгөн нөхцөлтэй байдаг” гэдгийг онцлов.


Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард South China Morning Postсонинд ярилцлага өгөх үеэрээ, “Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, нэгдсэн зах зээлээс хамааралтай байдлаа багасгахыг эрмэлзэж байна гэсэн юм.


Жишээ нь, Монгол, Франц улсууд аялал жуулчлал, арилжааны шууд нислэг, арилжааны хиймэл дагуулын чиглэлээр илүү өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэхээр болсон гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны айлчлалын дараа Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сард хийсэн албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Холбоотой мэдээ