Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-06 13:58:02

БИШКЕК. /Kabar/. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ тухай Ерөнхийлөгчийн тамгын газрын гадаад бодлогын албаны дарга Муратбек Азымбакиев мэдэгдэв.


Түүний мэдээлснээр, энэхүү айлчлалын хүрээнд Садыр Жапаров Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун Эрдэнэ, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар нартай хоёр талын уулзалт хийнэ.


"Талууд Киргиз, Монголын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн салбарын хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хэтийн төлөвийг хэлэлцэнэ" гэж М.Азимбакиев хэллээ.


Айлчлалын хүрээнд мөн Монгол Улсад Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдын яамыг нээх ёслолын ажиллагаа болно.


“Айлчлалын үеэр найрамдал, хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан тунхаглал, түүнчлэн эдийн засаг, цахимжуулалт, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах, ойн экосистемийг хөгжүүлэх гэх мэт олон салбарт хамтран ажиллах тухай хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурна.


Мөн Киргиз, Монголын худалдаа, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Бишкек болон Улаанбаатар хот,  Киргизийн Чуй муж болон Монгол Улсын Хэнтий аймгийн хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээрт талууд гарын үсэг зурна” гэж М.Азымбакиев мэдээллээ. 


Холбоотой мэдээ