Г.Түвдэндорж: ТХЗ-доо ахиц гаргахын тулд дагуул хотуудыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-07 21:52:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ сарын 18-19-нд АНУ-ын Нью-Йорк хотод чуулах НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт /ТХЗ/-ыг хангах Дээд хэмжээний уулзалтад Үндэсний тайлангаа хэлэлцүүлнэ.


Үндэсний тайландаа ТХЗ-ыг хэрхэн хангах, хурдасгагч хүчин зүйл нь юу юм бэ гэдгийг эрэмбэлэх цуврал хэлэлцүүлгүүдийг өнгөрсөн зун зохион байгуулсан билээ. Харин өнөөдөр Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулганаар нийгмийн олон салбарын төлөөллийг хамарсан бүлгүүдтэй зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтын үр дүнг нэгдсэн байдлаар танилцуулсан юм. Чуулганы үеэр "ТХЗ-ын үндэсний үүрэг, амлалт” хэлэлцүүлгийг нийгмийн олон талын төлөөлөл оролцуулан зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос модератороор, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Удирдлагын Академийн захирал Д.Сүрэнчимэг, Монголын Ногоон санхүүжилтийн корпорацын гүйцэтгэх захирал М.Болд, ТХЗ-уудын төлөөх ТББ-уудын эвслийн дэд тэргүүн Б.Цэрэнханд, НҮБ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөх хорооны нарийн бичгийн дарга Л.Цог-Эрдэнэ панелистаар оролцлоо.


Модератор Э.Содонтогос: Тогтвортой хөгжлийн асуудлууд дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаад буй нэн чухал асуудлуудын тэргүүнд тавигдаж байна. Өнгөрсөн хугацаанд Тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хийж ирсэн ажил хүсэн хүлээсэн үр дүнд хараахан хүрээгүй, 2030 он гэхэд ядуурлыг бууруулж, тэгш бус байдлыг арилгаж, байгаль орчноо хамгаалан сэргийлэх зорилтууд дийлэнх оронд тунхаглалын чанартай хэвээр байна. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх хүсэлгүйдээ биш байх. Хүсэл байвч аргаа мэдэхгүй, ажлаа уялдуулахгүй, цагаа тооцоолохгүй, үйл ажиллагаагаа эрэмбэлээгүй байгаагийн гор бас бий. Мэдээж, хөрөнгө санхүүгийн нөөц хомс байгаа нь ч үнэн. ТХЗ нь бидний нийтлэг сайн сайхны төлөөх зорилтууд. Тиймээс тэдгээрийг хэрэгжүүлэх нь бас бидний хамтын хариуцлага байх учиртай. Нийгмийн бүхий л институцын төлөөлөл адилхан санаа тавьж, оролцож байж бид бүгдэд хүртээмжтэй өсөлт хөгжлийг бий болгоно. Өнгөрсөн зуны турш яг эдгээр асуудлаар буюу ТХЗ, тэдгээрийн мөн чанар, эрэмбэ, тэргүүлэх зэргийн зорилтууд буюу хөгжлийн хурдасгуур юу болох тухай холбогдох талууд судалж хэлэлцсэн. Тиймээс бид өнөөдрийн хэлэлцүүлгээр Тогтвортой хөгжлийг тууштай, бас аль болох богино хугацаанд хангах, хэрхэн ажиллах, ажлаа яаж уялдуулах, гүйцэтгэх тал дээр түлхүү анхаарна. Ингээд хэлэлцүүлгийнхээ эхний асуултыг ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж танаас эхлүүлье.


-Монгол Улс ТХЗ-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний сайн дурын илтгэлээ 2019 онд, хоёр дахь илтгэлээ өнгөрсөн 7 дугаар сард НҮБ-д танилцуулсан билээ. ТХЗ-ын өнөөгийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ? Энэ чиглэлээрх ахиц, дэвшил, томоохон санаачилгууд юу байна вэ?


Г.Түвдэндорж: Монгол Улс 2030 он гэхэд ТХЗ-доо тодорхой ахиц дэвшил гаргахыг зорьж байна. Үүний тулд сэргээгдэх эрчим хүч, нийгмийн эрүүл мэндийг хангах, боловсролыг дэмжихэд анхаарах шаардлагатай байгаа. ЭЗХЯ байгуулагдсанаарТХЗ-ын салбар хоорондын уялдаа холбоог хангахад онцгой анхаарч байна. Ирэх 10 жилийн зорилгодоо хүрэхийн тулд бодлогоо уялдуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хэмжээний хөтөлбөрүүд ч үүнд чухал нөлөөтэй юм.


Э.Содонтогос: Монгол Төрийн тэргүүн төр засгийн бодлогын нэгдмэл байдлыг хангаж, аливаа бодлогын "Үндэсний" гэх тэр чанарыг хангаж ажилладаг. Бид "Монголын төр засгийн бодлого" гэж ярьдаг. Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаанд Монголын үндэсний язгуур эрх ашигт суурилсан, хамгийн тэргүүлэх ач холбогдолтой асуудлуудад нэн тэргүүнд анхаарлаа хандуулдаг. “Эрүүл Монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” гээд үндэсний хэмжээний том хөтөлбөрүүд Тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй хэрхэн уялдаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалайгаас асууя?

Б.Даваадалай: Монгол Улс эдийн засгийнхаа 18 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулж байж 2030 оны зорилгодоо хүрэх төлөвлөгөөтэй. Ерөнхийлөгчийн нэг гол өнцөг нь гадаад бодлого юм. Мөрийн хөтөлбөрийнх нь 70-80 хувь нь ТХЗ-той нийцдэг. “Тэрбум мод” хөтөлбөрөө дэлхий нийтэд зарлаж, дотооддоо хөдөлгөөн өрнүүлэн, төр, хувийн хэвшлийн оролцоотой амжилттай хэрэгжүүлж байгаа. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрийн тухайд хоёр хөрш хилээ хаахад хүн ардаа хүнсээр хангахад анхаарч, 5 жилийн хугацаанд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилтээр хүнс, хөдөө аж ахуйн салбараа дэмжиж байна. “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр ч хэрэгжээд явж байгаа. Эдгээр хөтөлбөр үр дүнтэй хэрэгжээд дуусахад манай улсын ТХЗ-д ахиц гарна. Үүний тулд зохион байгуулалт, хүний нөөцдөө анхаарч, үр дүнг үнэлэх, хариуцлагын механизмыг зөв шийдэхэд анхаарах шаардлагатай байгаа.


Э.Содонтогос: Хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд, иргэний нийгэм, орон нутаг, залуучуудын төлөөллийг оролцуулсан бүлгүүдийн зөвлөлдөх уулзалтаас гаргасан саналуудтай танилцацгаая. Ямархуу хэлэлцүүлэг өрнөв, Үндэсний үүрэг амлалтын төсөлд гаргасан хөгжлийн хурдасгуурууд, санал, зөвлөмжөөсөө та бүхэн товчхон танилцуулна уу?


Д.Сүрэнчимэг: Эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын хэлэлцүүлгээр аль нэг асуудлыг өргөн хүрээнд харж, асуудлаа шийдэхээр тохиролцсон. Боловсрол, эрүүл мэндийн асуудлыг нэг дор хамтад нь тусгах нь учир дутагдалтай гээд тусдаа чиглэл болгохыг зөвлөсөн. Хурдасгуурын хувьд Монгол Улс дижитал шилжилтийг зөв хийхэд хамтын ажиллагаагаа чиглүүлье, хүнсний хангамж, аюулгүй байдлыг цогцоор харах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүх түвшинд өрнүүлэх хэрэгтэй гэсэн санал гаргасан.


Б.Жавхлан: ТХЗ-ыг хангахад орон нутаг онцлогтоо тохирсон бүсчилсэн зорилтоо хангавал улсын нийслэлд үүсээд буй бэрхшээлүүдийг багасгана. Зарим асуудлыг өөрсдөө шийдэх эрх мэдлийг нь өгмөөр байна. Дархан-Уул аймагт 2020 онд 12 мянган оюутан суралцаж байсан бол энэ хичээлийн жилд 6 мянган оюутан болж багассан. Нэмээд 6 мянган оюутан суралцах боломж, нөөц байна шүү дээ. Энэ ч гэсэн төвлөрлийг сааруулахад үр нөлөөтэй.


Б.Цэрэнханд: Бүх нийтэд хүртээмжтэй дижитал шилжилтийг хурдасгаж, хэрэгжилтийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний мэдлэгийг олон нийтэд түгээх, зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүч, зохистой ажлын байрыг томъёололдоо оруулахыг хүссэн. Бүс нутгийн хэмжээнд ТХЗ-ын тухай мэдлэг, мэдээлэл түгээх, үйл ажиллагааных нь хэрэгжилтийг үнэлдэг шалгуур үзүүлэлтийг батлуулъя гэсэн байгаа.


М.Болд: Хувийн хэвшлийг хөгжүүлэхэд шударга орчин бүрдүүлэх санал гаргасан. ТХЗ-ыг төр засгийн шийдвэрүүдтэй уялдуулах хэрэгтэй. Учир нь төлөвлөгөө, хэрэгжилт, гүйцэтгэл салангид байна. Жишээ нь сайжруулсан түлш авахад 177 тэрбум төгрөг зарцуулна гэсэн нь ТХЗ-ын сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэндийг дэмжих зорилгод нийцэхгүй байна. Энэ мөнгөөр эко байшин барья гэвэл харин нийцтэй шийдвэр болох юм. Түүнчлэн, ХАА-н салбарт хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь сайн хэрэг ч ТХЗ-той мөн л нийцэхгүй байна. Зээл олгохдоо усны хэрэглээгээ яаж багасгасан, хортой бордоо хэрэглэсэн эсэх, хог хаягдлаа хэрхэн шийдсэн, малчид бэлчээрийн даацад тохирсон малтай байгаа эсэх шалгуур тавих хэрэгтэй.

Л.Цог-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, ТХЗ-ыг хэрэгжилтийг хурдасгахад залуусын оролцоог хангах санал хүргүүлсэн. Орон нутгийн залуус ТХЗ-ын тухай мэдээлэл, мэдлэг түгээхэд оролцох боломжтой гэсэн байгаа.


Э.Содонтогос:  Монгол Улс ТХЗ-ын хэрэгжилтэд ямар асуудал, хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ? Цаашид хэрэгжилтийг хурдасгах, олон талын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх вэ? ТХЗ-ын хэрэгжилтийг хурдасгахад юуг онцгой анхаарч ажиллах ёстой вэ?


Г.Түвдэндорж: 2030 он хүртэл эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдэх хүрээнд 12 чиглэлийг тодорхойлсон. Үүнд санхүүжилт чухал ч төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хүн бүрийн оролцоо шаардлагатай байна. Эдийн засгийн бусад салбараа хөгжүүлэхийн тулд ногоон эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бичил санхүүгийн системийг хөгжүүлэхэд анхаарна. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдлыг арилгахын тулд ЭЗХЯ бүс нутгийн хөгжлийн бодлогыг  тодорхойлж, баримт бичиг боловсруулаад байгаа. Хүнд үйлдвэрүүдийг уул уурхайн бүс нутагт байгуулж, хөдөөгийн хөгжлийг бүсчилсэн байдлаар сэргээхийг зорьж байна. Боомт, чөлөөт бүс дагаж дагуул хот хөгжүүлэх бодлого чиглэлийг урт, дунд хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна.


Б.Даваадалай: Төрөөс ТХЗ-ыг хангахад хувийн хэвшлийнхэнд нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Үр дүнтэй тогтолцоо бий болгосноор хувийн хэвшил өөрсдөө энэ үйл ажиллагаанд бэлтгэгдэж, бэлэн болоод явах боломжтой зэрэг олон санал гаргалаа. Тодорхой үүрэг, хариуцлагын үнэлгээг уяж өгч, ил тод байдлыг сайжруулснаар асуудлын сууриар нь шийдэх боломжтой. Ерөнхийлөгчийн хувьд одоо хийж хэрэгжүүлж буй ажлуудынхаа ТХЗ-той холбоотой зүйл дээр анхаарах болно. Мөн ирэх жилээс хөнгөлөлттэй зээлийн шалгуураа ч өөрчилнө.


Э.Содонтогос: ТХЗ-ын төлөөх Үндэсний үүрэг амлалтыг цаашид хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? Бүлгийн онцлогийг харуулсан ямар үйл ажиллагааг зөвлөлдөх уулзалтын үеэр санал болгож байсан бэ?


Д.Сүрэнчимэг: Мэдээлэл, датагаа нэгтгэх хэрэгтэй. Манай улсын хувьд тогтвортой хөгжлийн 17 зорилгоос 12-ынх нь мэдээлэл дутуу байна гэж дүгнэсэн. Дата цуглуулж, түүндээ суурилсан шийдвэр гаргах санал гаргасан. ТХЗ-ын засаглалын асуудлыг хэмжих боломжтой юм. Төсөл, хөтөлбөрүүдийг нэгтгэх, төрийн байгууллагын чадамжийг сайжруулъя гэсэн байгаа.


Б.Жавхлан: Орон нутгийн онцлогт нь тохирсон бонд гаргах гэх мэт эрх мэдэл олгох хэрэгтэй. Орон нутгийн зарим томилгоо босоо удирдлагатай байдгийг шийдсэнээр асуудлууд цэгцэрнэ.


М.Болд: ТХЗ-д манлайлал чухал байна. Ерөнхийлөгчийн манлайлалыг Засгийн газар хамтран дэмжээд бүгдэд ойлгомжтой байх нь чухал. Манлайлал өөрөө тогтвортой, зохион байгуулалттай байх хэрэгтэй.


Б.Цэрэнханд: Иргэдийг мэдээллээр хангах, мэдлэгжүүлэх, мэдээлэл дамжуулах нь чухал байгаа. Зөв засаглалтай болохын тулд хариуцлага тооцдог болмоор байна. Иргэний нийгмийн байгууллагаа дэмжих, ядуурлыг бууруулахад зохистой ажлын байраар хангах нь чухал байна.


Л.Цог-Эрдэнэ: Өнөөгийн залуус 2040, 2050 оны бодлого боловсруулагчид болж, одоогийн үйл ажиллагааны хамгийн их үр өгөөж хүртэх хүмүүс учир урт хугацааны оролцогч байхыг хүсэж байна.


Э.Содонтогос: Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийн зорилго нь бидний хөгжлийн үндсэн бодлого. Монгол зүрх сэтгэлтэй хүн Монголыг хөгжүүлнэ. ТХЗ-ыг хангахад тогтвортой, ил тод байдал, хувь хүний хариуцлагаас гадна манлайлал, иргэдийн оролцоо илүү чухал юм. Тогтвортой хөгжил гэдэг нь нийгэм, улс төр, эдийн засгийн үндсэн асуудлуудын тогтвортой шийдэл. Хүмүүнлэг, хүн төвтэй нийгэм байхын зэрэгцээ төр засгийн гаргаж буй шийдвэр, хэрэгжилт бүгд тогтвортой байж гэмээнэ, тогтвортой хөгжлийг хангана. Энэ бүхэнд иргэд, эрдэм шинжилгээний байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын манлайлал, оролцоо чухал юм. Хөгжлийн түншүүддээ, гадаадын хөрөнгө оруулагчдадаа маш их баярлалаа. Гэхдээ Монголыг эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй монгол хүн л хөгжүүлнэ.  

 

                                  

             Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад сэтгүүлчдийн дуу хоолой чухал байна


МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогосоос хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар тодрууллаа.

-"Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний үүрэг, амлалт" хэлэлцүүлэгт оролцогчид ямар оновчтой шийдлүүдийг ярилцсан бэ?


-Монгол Улсад маш чухал сэдвээр үндэсний чуулган зохион байгууллаа. ТХЗ-ын хэрэгжилтийг хэрхэн хурдасгах, ямар тэргүүлэх зорилтууд байгаа талаар үндэсний тайлан илтгэл боловсруулснаа НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад танилцуулна. Нийгмийн бүх байгууллагын төлөөлөл өнөөдөр Тогтвортой хөгжлийн ямар хурдасгуур байх, ТХЗ-д яаж ахиц дэвшил гаргах, юунд анхаарахаа хэлэлцлээ. Дэлхий нийтээрээ 2030 он гэхэд ТХЗ-ыг, тодруулбал, ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш хөгжил, шударга ёсыг хангасан байх ёстой. Гэтэл 2015 онд зорилгоо тодорхойлсон атал, эргээд харахад ядуурлыг бууруулах үзүүлэлтээрээ ухарч. "Хаана, юуг алдав, юунд анхаарах" гэсэн үндэсний тодотголоо хийж, цаашид юу хийх, ямар бодлого эрэмбэлэхээ ч ярилцлаа. Хэлэлцүүлэгт оролцогчид манлайлал, улс үндэстний нэгдсэн эрмэлзэл, хүсэл хэрэгтэй гэж байна. Хөрөнгө мөнгө хомс байгаа хэдий ч заримдаа арга ухаанаа олохгүй, бодлогоо хэрэгжүүлэхэд удаашралтай байгаа зэрэг бэрхшээлийг хэлэлцэн ойлголцлоо. Ерөнхийлөгчийн манлайлал дор Засгийн газрынхаа бодит шийдвэрийн үндсэн дээр хувийн хэвшил, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллага, залуус үндэсний хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлнэ. Бидний үйлдэл өөрөө тогтвортой хөгжил байх ёстой юм. Гаргаж буй шийдвэр бүр нь оновчтой, цагаа олсон, хуулиа дээдэлсэн, үр дүнтэй байх ёстой.



-Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо юу байх вэ?

-ТХЗ нь хэнийг ч хөгжлөөс хоцроохгүй байх зарчим баримталдаг. Энэ зорилгын төлөө сэтгүүлчид онцгой, хүчтэй дуу хоолой болох ёстой. Энэ ч утгаараа ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд мэдлэг, мэдээллийн үндсэн гүүр нь болж, үнэн бодит мэдээллийг олон нийтэд цаг тухайд нь шуурхай хүргэх ёстой. Мэдээллээс гадна мэдлэгийг ч түгээгчид учир дутуу ойлгож, буруу мэдээлж болохгүй. Мэдээлэл арвин, түүндээ үндэслээд хамгийн их мэдлэгтэй байх хүмүүс бол сэтгүүлчид байх учиртай. Хөгжлийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэдлэгтэй, мэдээлэлтэй, шударга хэвлэл мэдээллийн байгууллага үүргээ гүйцэтгэдэг байх хэрэгтэй. Харамсалтай нь манайд улс төржсөн, хэн нэгний ашиг сонирхлын зөрчилтэй мэдээллийг их “сэвдэг” атлаа улс орны язгуур эрх ашигтай холбоотой, хөгжлийн асуудлыг хөндөж, бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлдэггүй. Хөгжлийн тухай, ядуурал буурахгүй байгааг яагаад ярихгүй байна вэ? Монгол Улс ядуурлыг 2025 онд 20 хувьд, 2030 онд 15 хувьд бууруулах зорилго тавьсан байгаа. Энэ зорилго бодитой эсэхийг сэтгүүлчид гаргаж ирдэг байх ёстой. Хөгжлийн хамгийн найдвартай түнш нь хэвлэл мэдээллийн байгууллага юм шүү дээ. 

Холбоотой мэдээ