М.Цэрэндэжид: Булган аймгийнхаа анхдагчдын хөргийг үйсэн дээр канондож, ном бүтээсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2023-09-22 11:49:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үйсэн бичиг гэхүй дор, юун түрүүн “Алтан Ордны үйсэн дээрх бичиг” хэмээн алдаршсан, эх, үрийн сэтгэлийн уянга яруу гайхамшигт бүтээл санаанд ургадаг. Энэ бол монгол хүн туурвин бичсэн, одоогоор олдоод буй хамгийн эртний үйсэн дурсгал билээ.


Түүнчлэн монгол орноос минь олдсон үйсэн ном зохиолуудад цаг тооны цаглавараас эхлээд шүлэг дуулал, хүний амьдралын элдэв сонин, захидал занаа, тэр бүү хэл шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдэж танигдаагүй хууль цаазын хураамж бичиг хүртэл байдаг тул соёлын үнэ цэнт дурсгалуудад зүй ёсоор үнэлэгддэг. Эртний, баялаг уламжлалтай энэхүү соёлыг сэргээн уламжлуулах, шинэ цагт түгээн дэлгэрүүлэхийг зорьж зүтгэж яваа, Булган аймгийн Сэлэнгэ сумын "Болжмор" шүлгийн дугуйлангийн багш Морхоогийн Цэрэндэжидийг урьж, ийнхүү ярилцав. 


- Үйсэн төрлийн ном зохиолын хамгийн баялаг олдворыг Булган аймгийн Дашинчилэн сумын Хар бухын балгасаас илрүүлсэн байдаг. Эндээс 1000 орчим үйсэн бичгийн дурсгал олдсон. Нутаг орны тань энэ баялаг өв нөлөөлөв үү, яагаад үйсэн соёлын үйлсэд шамдах болов?

- Манай Булган аймагт Цогтын цагаан балгас зэрэг түүх соёлын олон дурсгал байдаг. Түүний нэг нь Хар бухын балгасаас илрүүлсэн үйсэн дээрх бичээсүүд. Саяхан ч Тэшиг сумаас цахилгааны шугам барих гэж явсан хүмүүс газар ухаж байгаад үйсэн бичээсүүд илрүүлсэн. Ижил мөрний хөвөөн дээрээс олдоод ОХУ-ын Эрмитажид хадгалагдаж буй “Алтан ордны үйсэн дээрх бичиг” бол босоо монгол бичгээр бичигдсэнээрээ ч Монголын бахархалт бүтээл. Тиймээс үйсэн дээрх бичээсийг шинэ үед сэргээж, хойч үедээ уламжлуулах ёстой гэж бодож, зорьж, тэмүүлж яваа юм.


- Манай Хангай нутгийн хусны үйс маш бөх чанартай гэгддэг юм байна. Ер нь үйс бэлтгэх хэцүү юу?

-Анх үйс боловсруулахад үнэхээр хэцүү байсан шүү. Гараа цэврүүтүүлж, хумс хуруу хугарч хагараад жигтэйхэн юм болдог байлаа. Нимгэн бэлдэж чадахгүй байсан тул үйснүүдээ холбож оёдог ч үе байв. Жил ирэх тусам л боловсронгуй болсон доо. Үндсэндээ, 2000 оноос хойш бүр шургуу ажилласан. Монгол бичгийн анхдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан тэр үед би “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийнхаа монгол хэлний заах аргын нэгдлийг хариуцаж байлаа. Хичээл заадаг анги болгондоо, монгол бичгийн дадлага ажлыг үйсэн дээр бичүүлж, зуруулж, наамал хийлгэдэг байсан. Нэг хайрцаг үйстэй л хичээлдээ ордог байлаа.

Тэгээд Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойг тэмдэглэхэд, сурагчидтайгаа “Монголын нууц товчоон”-ы дүрээр тоглолт бэлтгэж, баатрын хуяг дуулга, хатдын малгайг үйсээр хийж аймгийнхаа хүндэтгэлийн ёслолд оролцсон юм. Одоо бол технологи маань эрс сайжирсан. Хэчнээн ч өнгийг гаргаж болдгийг мэддэг болсон. Үйсэн дээр ногоон өнгийг гэхэд хэдэн янзаар гаргаж чадна. Үйс их гоё шүү.  


- Ямар сонин юм бэ, тэгэхээр янз бүрийн өнгөтэй үйс гаргаж болно гэсэн үг үү?

-Хусны холтос хамгийн гадна талдаа үүлэн цэнхэр хээтэй, усны долгио мэт өнгө дүрстэй харагддаг. Түүнийг нь хуулахаар ягаан ягаавтар, хамгийн дотор тал нь шав шар өнгөтэй байдаг. Үйсийг будаж солонгын долоон өнгө шиг маш олон өнгийг гаргаж болно. Тэгэхдээ хамгийн сонин нь, нэг үйсийг ногоон өнгөөр будахад хэсэг бүрд нь өөр өөр ногоон өнгө гарах мөртөө, бас үйс болгоных өөр хоорондоо ондоон харагддаг.  Хүрэн, бор үйснүүдийг ч бэлтгэж болно.


-Та их зохиолч Д.Нацагдоржийн хөргийг үйсээр урласан байдаг. Хоёр бичгийн цаас нийлүүлснээс том бүтээл шүү дээ. Бүтэн үйсээр бүтээсэн үү, нааж нийлүүлсэн юм уу ?

- Том үйсэн дээр зурсан. Би уг нь бүр өргөн хийж, хажуу талд нь их зохиолчийн нэг шүлгийг бичье гэж бодож байв. Урьд нь би Б.Ринчен гуайн хөргийг зураад, хажууд нь “Монгол хэл” шүлгийг нь бичиж байсан удаатай. Тэгээд шүлгийг нь тусдаа үйсэн дээр бичиж жаазалсан байдаг л даа.

Булган аймгийнхаа 80 жилийн ойгоор “Мишээл экспо” дээр том үзэсгэлэн гаргасан. Үйс гэдгээр нь улсууд их сонирхох юм билээ.


-Хамгийн томдоо ямар хэмжээтэй үйс бэлтгэж болох вэ?

- Та нарын энэ ажлын ширээ шиг үйснүүд бэлдээд тавьчихсан байгаа. Өргөөшөө 50–60 см, уртаашаа 1.5 метр үйсийг нэг том модноос гаргаж болдог.


- Нэлээд бүдүүн хуснаас л тийм том үйс гарах байх. Тийм хус олоход бэрх биш үү?

-Том том бүдүүн хуснууд бий. Манай Булган аймгийн Тэшиг сум, Оросын хил дээр бүдүүн бүдүүн хус байна. Тэндээс бэлдцээ авдаг. Зулзган нарийн хусыг гэмтээж болохгүй тул өвгөрсөн, унасан хусны үйс авна. Унасан хусны холтос маш амархан мултраад гараад ирдэг.

Ер нь, хус их иш шидтэй мод юм шүү. Би тэмдэглээд л байгаа. Тэнгэр, газрын савслага мод гэж нэрлэдэг, их сайхан мод юм байна аа. Нээх гоё хуусраад л гараад байна. Хуулаад байхаар цагаан, ягаавтар, ягаан, шаравтар гэх мэтийн өнгөтэй хуулраад байна шүү дээ. 


-Тэр их шүүслэг, усархаг модны гадна хальс гэдэг бусад модноос мэдээж их онцлог чанартай байж таарна. Нэг холтсоос хэчнээн үйс гаргаж болох вэ?

-Үйс бол үетэй байдаг. Зургаан, долоон үйсэн цаасыг нэг хусны холтсоос гаргаж болно. Хусны яр хуулдас болгон дээрээ гараад л байна. Харин хус мод нь өөрөө бол бараг яргүй, өөгүй цагаан, зөөлөн гэхээр хатуу, хатуу гэхээр зөөлөн, ёстой түүхий сүүний бяслаг шиг өнгөлөг цэмцгэр мод шүү дээ. 


-Үйсийг байгаль дээрх бэлэн цаас гэдэг нь ийм учиртай байх нь. Тэгэхээр үйсийг аль хэр нимгэн болгож болох вэ?

-Чингис хааны хөрөг, Чин ван Ханддоржийн хөрөг гээд хэд хэдэн бүтээл надад бий. “Төрт ёс, хаадын сан” -гийн тэргүүн, түүх судлаач Д.Гүн -Үйлс “Булган аймгийн Цэрэндэжид багш үйсээр бүтээл хийж байна” гэж нэг яриандаа дурдсан байна билээ. Төв талбай дээр номын баяраар үзэсгэлэн гаргаж байхад минь ирж, үйсэн бүтээлээс минь авсан юм л даа. Монгол Улсын ардын багш С.Дулам багш маань надтай бас тааралдаад, “Үйсийг мундаг боловсруулаад байгаа сурагтай. Нэг үзэх юмсан” гэж хэлсэн. Багшдаа хүргэж өгөх гээд амжихгүй л байна.


Үйсийг сайн бэлтгэхэд, бичгийн цагаан цаас шиг нимгэн болно. Би каноноор үйсэн дээр зураг гаргаж үзсэн. Булганыхаа анхдагч нарын хөргийг тэгж олшруулахад, өнгөт бол өнгөтөөрөө, хар цагаан бол хар цагаанаараа гараад ирсэн. Түүгээрээ би үйсэн ном хийсэн. Бичгийн цаас шиг нимгэн болгож боловсруулж чадсан гэх юм уу даа.


-Үйсээр эдлэл хэрэглэл хийж үзэв үү, та. Хатдын богтого малгайнд лав хэрэглэдэг байсан юм билээ?

-Үйс бэлтгэхэд маш их ажиллагаа ордог болохоор хүмүүс бэрхшээгээд байх шиг байдаг. Түүнээс биш юуг ч хийж болно. Жишээ нь, үйсэн бичгийн өв манай удамд байна. Би бол гурав дахь үеийн өв тээгч болж байгаа. Аймгийнхаа өв тээгч. Манай нагац өвөө Жамц гэж хүн байв. Бурхан зураад л хажууд нь юм бичээд суудаг сан.

Би хүүхдүүдтэйгээ хамжиж бортого сав хийж үзсэн. Ёроол нь хус модон, их бие нь үйсэн сүлжмэл, бариулыг нь маш гоё нарийн элдсэн сураар хийсэн болохоор, тасарнаа байхгүй. МУИС-ийн М.Базаррагчаа багшдаа нэг тийм сав хийж өгсөн.

Хусны модоор манай хүүхдүүд боовны хэв хийдэг. “Болжмор” дугуйлангийн маань сурагчид зүрхэн хэлбэртэй хүзүүний зүүлт урлаад, нэг нэгэндээ бэлэглэж байгаа харагддаг.


-Үйсэн саванд хуурай зүйл хийхэд үнэр амт орохгүй маш сайн гэдэг шүү дээ. Шингэн зүйл хийж болох уу?

-Хуурай ч зүйл, шингэн зүйл ч хийж болно.


-Ер нь үйсэн бүтээл аль хэр бөх байдаг онцлогтой вэ?

-Бөх бат шүү. Гэхдээ айхтар сайн хадгалахгүй бол бас болохгүй л дээ. Үйсийг илээд байхаар хуусраад, цаанаас нь дахиад л гараад ирдэг болохоор хүүхдүүд муухай бичихээрээ балруулдаад л дахиад бичиж байгаа харагддаг. Тараах материалаа би үйсэн дээр бэлдчихдэг, хүүхдийг эхлээд усан будгаар ч хамаагүй үйсэн дээр бичүүлж, зуруулаад л байдаг юм. 

Ихэнхдээ хичээлийнхээ цагийг хоёр цаг тавиулж, нэг цаг дээр онолоо үзээд, хоёр дахь цаг дээр үйсэн дээрээ ажиллуулчихдаг. Хамтарч шүлэг зохионо, шүлгээ бичинэ, шүлгэн дээрх агуулгыг зурна. Тэгээд нийлүүлээд үзэсгэлэн, ном гаргадаг болохоор хүүхдүүдийг багаар ажиллаж сургадаг маш сайн дадлагын хичээл болдог байв. 




-Ер нь танай нутагт хус мод, үйсийг яаж хэрэглэдэг байв?

- Аав маань эмч хүн, 90 хүртлээ морь унасан, "Морьтой доктор" гэдэг байв. Ногоон онгоц анх нисэхэд, аав маань өрөөндөө үйсээр онгоц хийгээд сууж байсан. Мундаг сайн монгол бичигтэй хүн байсан болохоор бидэнд зөндөөн өв үлдээсэн. Миний мөрөн дээр гишгиж болно, харин бичиг соёл дээр гишгилж болохгүй, эрдэм мэдлэгийг дээдэлж яв гэж сургадаг байв. 

Ээж маань үйсээр сав хийгээд дотор нь өрөм байлгадаг байсан. Халуун сүү хийж, самраад өрөм байлгаж болдог сав байсан байна шүү дээ. Бас үхэр тэргэнд суугаад хадланд явахдаа борцтой хоол хийгээд аваад явдаг байв. Хоол амар муудахгүй гэж тэгдэг байсан болов уу даа.


-Хойшдын төлөвлөгөөгөө хуваалцаж болох уу?

-Ихэр дүү нартайгаа үзэсгэлэн гаргах төлөвлөгөө бий. Нэг дүү маань технологийн багш юм. Манай дүү нар зураг сайхан зурдаг. 




Холбоотой мэдээ