П.Ариундарь: Оюун санааны өөрчлөлт хүний зүрхэнд оршдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-23 12:07:39

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Япон улсад амьдарч, ажилладаг олон монгол хүн бий. Энэ хүмүүс сэтгэл дотроо нутгийнхаа зүгт хараа бэлчээж, наран мандахад идээнийхээ дээжийг Монголынхоо чигт өргөдөг билээ.


Японы хатуу дэг жаягтай гэмээр нийгэмд монгол хүн тэр дороо дасахад бэрх мэт байвч, тэднээс суралцах олон зүйл бий. Энэ бүхнээс суралцахаас гадна Японд монгол брэнд үүсгэн байгуулж, япончуудын хэдийнэ хэрэглэх дуртай болсон монгол ноосон бүтээгдэхүүний эзэн  П.Ариундарьтай ярилцлаа.


Түүний брэндийг япончууд “Соратобү хицүжи” (Тэнгэрт дүүлэх хонь) хэмээн нэрлэдэг ажээ. Энэ брэндийн анхны худалдан авалт нь  Японы Тоёота хотод байрлах Кимоногийн күра (зоорь) 103 жилийн түүхтэй газарт нээснээрээ  алдартай юм. Эндээс бий болсон  монгол хонины ноосон бүтээгдэхүүнүүд Японы зах зээл дээр хэдийнэ гарч, олон хэрэглэгчтэй болжээ.


Брэндийг үүсгэн байгуулагч П.Ариундарь нь Японд нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Түүний туулж өнгөрүүлсэн хувийн амьдрал нь сонирхол татахуйц юм. Тэрбээр Японы уламжлалт  аргаар дөрвөн хүүхдээ төрүүлжээ. Орчин үеийн анагаах ухааны хөгжилд итгэдэг ч эмэгтэй хүн байгалийнхаа жамаар төрж амаржих нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд ихээхэн өөрчлөлт авчирдаг гэдгийг өөрийнхөө амьдралд бодитоор нотолсон гэдгээ ч хэлж байв. Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг толилуулж байна


-Брэнд үйлдвэрлэгч оронд брэнд үйлдвэрлэх санаа анх хэзээ орж ирсэн бэ. Их өрсөлдөөн дундаас өөрийн санаа зорилгыг илэрхийлж гарч ирэх нь зориг байсан уу, зорилго тань байсан уу?  

-Би яг үнэндээ брэнд бүтээнэ гэж бодоогүй. Манай Монгол орны цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай ч чанартай зүйл олон бий. Нүүдэлчин ардын монгол амьдрал гэдэг хаана ч байхгүй зүйл юм. Энэ бүхнийг япончуудад яаж мэдрүүлж ойлгуулах талаар их бодсон. Өнгөөр чимэх биш, байгаа байдлаар нь япон хүмүүст хүргэе гэх шийдэлд хүрсэн. Манай бүтээгдэхүүн будаагүй байгалийнх нь өнгөөр, аль болох хэрэглэхэд амархан талаас нь загварыг олсон. Өнгийг нь трэнд хөөгөөгүй, удаан хэрэглэхээр байгальд ээлтэй, аль болох пластик утас хэрэглээгүй талаас загварыг нь гаргаж ирсэн. Бүтээгдэхүүнээ хамгийн хямд төсөр үнээр хийлгэх биш, монгол хүний хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэхийг хүссэн. Японд олон жил амьдрахдаа монгол хүн япон хүнээс дутаад байх зүйл юу ч байхгүй.


Бид өөрсдөдөө байгаа зүйлээ сайн ажиглавал дэлхийд гайхуулах бахархах зүйл ихтэй. Монголчууд нүүдэлчин соёлоороо бахархах явах учиртай.


-Монгол бүтээгдэхүүнийг япон хэрэглэгчдэд шууд хүргэх нь мэдээж хэцүү байсан байх. Энэ замыг туулахад хэчнээн их цаг хугацааг зарцуулав?

-Монголын бүтээгдэхүүнийг гаднын оронд, тэр тусмаа япон шиг хэрэглээний өндөр шаардлагатай улсад таниулахад тийм ч амар биш шүү дээ. Би Киотогийн их сургуульд сурч байхдаа энэ талаар бодол болж, даавууны үйлдвэрт цагийн ажил хийж, гар аргаар ноосон бүтээгдэхүүн хийдэг япон хүмүүстэй холбоо тогтоож цаг заваараа хамтарч юм хийдэг байлаа. Монголынхоо хонины ноосоор гар аргаар юм хийдэг жижиг бизнес эрхлэгч нарт өөрийнхөө Японы нөхцөлд зохицсон загвар дизайныг зохиож санал болгон хийлгэж, авчирч япон хүмүүст таниулсан нь амжилттай эхлэл байв. Энэ нь эх орныхоо бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, жижиг бизнес эрхлэгчдээ дэмжих зорилго юм. Одоо манай бараа бүтээгдэхүүнүүд япон хүмүүсийн дуртай хэрэглээний нэг болсон.


Манайхан жил бүр монгол ноос, ноолууран бүтээгдэхүүнийхээ загварын шоуг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Соратовү хицүжи (Тэнгэрт дүүлдэг хонь) дэлгүүрийн өмнөх талбайд болно. Загварын шоуны үйл ажиллагаанд монгол, япон, энэтхэг орны загвар өмсөгчид үзүүлбэр үзүүлж, монгол хонины ноосон бүтээгдэхүүнээ сурталчилж таниулах зорилготой бэлтгэл ажлаа хийж байна.


-Та өөрөө загвараа зохиодог гэсэн.  Эхлээд загвараа тархиндаа зурж, дараа нь цаасан дээр буулгахад хэр зөрүүтэй харагддаг вэ?

-Би аливаа зүйлийг хүчилж хийх дургүй. Монголд байдаг хамтрагчаасаа “Та юу хийж чадах уу” гэж эхлээд  асуудаг. Ярилцаад загвараа гаргана. Зарим тохиолдолд бодсоноос арай өөр зүйл ирнэ. Гэхдээ тэндээс авахыг нь аваад, хасахыг нь хасдаг. Анх төсөөлж байснаас илүү сайн бүтээгдэхүүн гарах тохиолдол их бий.


-Таны брэндийг япончууд “Соратобү хицүжи (Тэнгэрт дүүлэх хонь)” гэж дууддаг юм билээ?

-Хонь их даруухан амьтан. Монгол хүн малаа дагаад амьдардаг. Өөрөө хотод төрж өссөн ч малчин хүнээр бахархаж явдаг. Ноос судлалыг судлахаар дэлхийд ноосоороо тэргүүлж явдаг Австрали, Шинэ Зеланд орнууд байна. Тэд мал аж ахуйгаа дагнаад 100 гаруй жил болжээ.


Монгол Улсын хувьд хэчнээн олон зуун жил явсан хэрнээ энэ орнуудаас хамаагүй бага ноосоор бүтээгдэхүүн хийж, дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Тиймээс ноолуур гэхээсээ илүү ноосоо сурталчлах юмсан гэж боддог. Монгол малчид ярьж байна. Ямаа, хонины тэнцвэр алдагдаж байна гэж. Тиймээс монгол ноос хонио сурталчлах хэрэгтэй гэж бодсон.


Нэрийн тухайд гэвэл би бодож олоогүй. Монгол хониныхоо дүүлж байгаа зургийг оюутан байхдаа малчин айлд очоод судалгаа хийхдээ авсан. Энэ зургаа Японд ирээд маш томоор угаалгаад монгол ноосны талаар сурталчилсан. Сурталчилгааны үеэр нэг япон хүн тэр зургийг хараад шууд л “Соратобү хицүжи (Тэнгэрт дүүлдэг хонь) байна гэсэн. Ингэж нэрлэсэн хүн бол монгол ноосонд дуртай, алдартай гар нэхмэлчин япон эмэгтэй байгаа юм. Ингээд түүнээс асуулаа. Таны өгсөн нэрээр брэндээ нэрлэж болох уу гэсэн. Тэгсэн маш их баярлаад “Тэгээрэй гэсэн. Ингэж л нэр “төрсөн” түүхтэй. Соратобү хицүжи”-г яг үгчлээд орчуулбал “тэнгэрт нисдэг хонь” гэсэн утгатай. Манай монгол дизайнер бүсгүй жоохон охин нь нисдэг биш, дүүлдэг гэж хэлээд монгол нэр нь тэнгэрт дүүлдэг хонь болсон хэрэг.


-Японд олон жил амьдрахдаа монгол орныхоо өв уламжлалыг хадгалсан брэнд хийж байна. Үүнийг хийхдээ Засгийн газраас дэмжлэг авахыг хүсэж байсан уу?

-Намайг дэмжих гэхээсээ илүү Монголд маш их ажиллаж, хичээж байгаа иргэдээ дэмжээсэй л гэж боддог.


-Таны хувьд өөрийн амьжиргаа гэхээсээ илүү Монгол Улсаа сурталчлах юмсан гэж зорилготой яваа гэж ойлголоо?

-Тийм ээ. Монголдоо хайртай, Монгол үнэхээр сайхан орон шүү гэдгийг өөрийнхөө хэмжээнд илэрхийлж чадаж байгаагаараа баяртай байдаг. Ганцхан би биш, бид өөрсдийнхөө сайн сайхан зүйлээ дэлгэрүүлээсэй гэж хүсдэг.


-Япончууд танай брэндийг хэрэглээд ямар сэтгэгдэл үлдээдэг вэ?

-Япончууд сэтгэгдэл маш өндөр байдаг. Монгол ноос хөнгөн, дулаахан гэдэг. Мөн сарлагийн хөөвөр ховор учраас их сонирхдог. Манай үйлчилгээ япон стандартад дүйцэйхүц байдаг. Монголчууд япон хүнд таарахаар хийхдээ сайн хийхгүй бол шаардлага хангадаггүй. Гэхдээ буцаахгүй зарим тохиолдолд хямд үнээр худалддаг тохиолдол бий.


-Бизнесийн хувьд ийм байж. Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу. Их сонин амьдралтай гэж сонсож ирсэн?

-2003 онд Соёл эрдэм их сургуулийг төгссөн. Япон явахыг их хүсэж байсан ч эдийн засгийн хувьд бүтэшгүй мэт санагддаг байв. Японы үйлдвэрт ажиллая гэж хүсэлт бичих гээд байж байхад таньдаг япон найз маань надад ингэж хэлсэн. “Дарья чиний залуу насны нэг жил, нас тогтсоны дараах арав, хорин жилтэй дүйцнэ. Япон явах өдөр чамд ирнэ гэхдээ үйлдвэрт ажиллаж болохгүй” гэсэн. Ингээд үйлдвэрт ажиллахаа болиод япончуудтай хамт хөдөө айлд хөтөч орчуулагчаар их явдаг байсан. Тэр үеэс малчин ахуй соёлоосоо суралцаж, их биширсэн дээ.

Монголд ажил хийхэд хэцүү зүйлүүд байсан. Ихэнх тохиолдолд танил тал, царай зүс харж байж асуудал шийдэгддэг. Хувиараа судалж шалгалт өгөөд тэтгэлэг аваад Японд сурахаар болсон. Энд сураад ажиллаж байхад хөдөлмөрлөвөл үр дүн нь гарч ирдэг. Хүнээ бодсон нийгэмтэй учраас урамшсан. Япончуудаас сурах зүйл их гэдгийг ажигласан. Японоос сурч болох бүх зүйлийг нь сураад Монгол руугаа явна гэж боддог байсан. Нөхөртэйгөө Киотогийн технологийн их сургуулийн магистрт суралцаж байхдаа танилцсан. Одоо манайх дөрвөн сайхан хүүхэдтэй айл болсон.


-Япон эмэгтэйн уламжлалт аргаар дөрвөн хүүхдээ төрүүлсэн гэсэн. Монгол эмэгтэй хүний хувьд энэ төрөлт хүнд байсан уу. Ялангуяа орчин үеийн шинжлэх ухаан илүү хөгжсөн үед яагаад ийм төрөлтийг сонгосон юм бол?

-Сүүлийн үед уламжлалт аргаар хүүхдээ төрүүлбэл эрүүл гэдэг нь батлагдаж эхэлсэн учраас өнөөгийн япон бүсгүйчүүд энэ аргыг сонгож байна. Миний хувьд энэ аргаар хүүхдээ төрүүлж үзье гэж бодсон. Хүүхэд төрүүлэхэд их тамир шаардах тул төрөхийн өмнө ээж хүн есөн сар биеэ бэлтгэх хэрэгтэй. Ер нь япончууд дээр үеэсээ их хөдөлмөрчөөрөө алдартай. Жирэмсэн эмэгтэйчүүд нь будаа, ногоогоо тариад хөдөлж байгаад төрдөг байсан гэсэн. Жирэмсэн үедээ ууланд алхаж, хөдөлгөөнтэй өдөрт алхалт тоолдог багажаар явж, өдөрт 2000 буки алхах, скүват дасгалыг өдөрт 30-100 удаа хийдэг байсан. Жирэмсэн байхдаа чихэр, ундаа, гурилан бүтээгдэхүүн, жимс идэхийг хориглодог.  Аль болохоор Японы үндэсний хоол идэхийг зөвлөдөг. Төрөх хүртлээ бараг тамирчин шиг л биеэ бэлдэнэ дээ.


Төрөлтийн үйл явц нь бүрэнхий халуун, цэвэрхэн япон үндэсний татами өрөөнд болдог. Төрөх үед япон эмч сувилагч, нөхөр, ээж, хүүхдүүдтэйгээ хамтдаа байж болно. Төрөлт өвдөлт ихтэй учраас өөрийн дурын байрлалаа сонгож, тааваараа орилж болно. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн яаж төрдөг, ямар бэрхшээлийг туулдаг болохыг гэр бүлийнхэн нь хамтдаа харах боломжтой. Төрөх үедээ ямар ч дусал хийлгээгүй, эм уухгүй, оёдол байхгүйгээр дөрвөн хүүхдээ төрүүлсэн. Хамгийн гол нь ээж өөрөө айдасгүй байх нь чухал. Эмнэлгийн зүгээс аль болох таатай орчныг бэлдэж өгдөг. Хамгийн бага хүүхэд төрөх үед том ах нь ес, дундах нь долоо, түүний удаах нь таван настай байсан. Ах, эгч нар нь дүүгээ яаж төрөхийг өөрсдийн нүдээр харсан. Ингэж төрсөн болоод ч тэр юм уу манай дөрвөн хүүхэд хоорондоо их эвтэй, бие биеэ их хайрладаг нь мэдрэгддэг. Ялангуяа бага дүүдээ тэр гурав маань маш их хайртай.


-Энэ төрөлт хадам талдаа ихээхэн хүндлэл үзүүлж байгаагийн жишээ гэж ярьдаг юм билээ. Та энэ тал дээр юу гэж боддог вэ?

-Уламжлалт төрөх эмнэлгийнхээ ачаар өөрөө төрүүлчихнэ гэсэн итгэлтэй байсан. Төрөх ор нь төрүүлэх гэж байгаа эмчид аль болохоор харагдахуйц хүүхдээ авахад амар байрлал сонгодог юм байна. Энэ үед мэс засалд орж байгаа мэт тод гэрлийг байршуулсан байдаг. Ерөнхийдөө төрөлтийн үйл явцыг тухайн эмчийн бүрэн ур чадварт найддаг юм байна гэж ойлгосон.  

Өөрөөр хэлбэл, эмчийн ур чадвараар хүүхэд төрүүлнэ гэсэн үг. Харин төрж байгаа ээж айдасгүй байх хэрэгтэй. Уг нь эмэгтэй хүн байгалийнхаа чадвараар төрдөг жамтай. Энэ жам өнөөдөр аль ч улс орны анагаах ухаанд алдагдсан гэдэгтээ мэргэжлийн эмч нар ч санал нийлж эхэлсэн. Хүүхдээ бүдэг гэрэлтэй халуун (30-32 хэм орчимтой) өрөөнд төрүүлдэг учир нь ээжийнхээ гэдсэнд 36 орчим градуст харанхуй орчинд байсан хүүхдийг цочроохгүй гэдэгтэй холбоотой юм билээ.


Дөнгөж төрсөн хүүхдийг ээжийнх цээжинд шууд тэврүүлнэ. Төрөөд удаагүй хэрнээ мээмээ хайх, үрээ хараад ээжийн хөхөнд сүү амархан ордог. Төрөөд ээжтэйгээ нэг цаг болсны дараа хүүхэд тайвширч, эмч хүүхдийг авч, бүлээн алчуураар биеийг нь арчина. Биед нь наалдсан ихсийн үнэр нь ээж хүүхэд хоёрт аль алинд тайвшрал, эх үрийн холбоог мэдрүүлдэг гэж үздэг. Төрсөн хүүхдийг шууд усанд оруулахгүй, гурван хоногийн дараа усанд оруулдаг уламжлалтай.


-Дөрвөн хүүхэд эрүүл сайхан төрсөн нь сайн хэрэг байна. Гэхдээ таны нэг хүүхэд хорт хавдраар өвчлөөд эдгэрсэн гэж сонссон. Энэ талаар асууж болох уу?

-Японд хүүхдийн даатгал нь маш чанартай. Эдийн засгийн хувьд хүндрэл байхгүй, үйлчилгээ авч байсан учраас Японы Эрүүл мэндийн яаманд ихээхэн талархдаг. Хүүхэд ээжийнхээ энергийг мэдэрч байдаг, бас ээжийгээ их ажиглаж байдаг юм билээ. Сэтгэл зүйгээрээ удирдаж бясалгал хийсэн, их залбирсан. Оюун санааны өөрчлөлт хүний зүрхэнд оршдог гэж ойлгодог. Залбирал, баясалгал намайг хүнд үеийг давж гарахад их тус болсон. Бас огт танихгүй японд амьдардаг монголчууд маань охин бид хоёрыг монгол хоол цайгаар эргэдэг байсанд үнэхээр их баярладаг. Японд байдаг монголчуудын сайтад бид хоёрын талаар танил бүсгүй маань бичээд олон сайхан сэтгэлтэй хүмүүс эргэж ирсэн дээ.


-Та бясалгалын аргаар амьдралынхаа олон асуудлыг туулсан гэдэг нь ажиглагдлаа. Та ямар бясалгал хийдэг вэ?

-Олон төрлийн бясалгал бий. Хамгийн гол нь багшаа сонгох ёстой. Багшгүйгээр бясалгал хийж болохгүй, аюултай. Буруу бясалгал хийвэл сэтгэл зүйгээрээ хохирно. Хүний дотоод ертөнц гэж агуу. Манай багш миний дотоод ертөнцийн хөтөч юм. Багш маань Энэтхэгийн Гимайлан өндөр ууланд гэгээрсэн бөгөөд ийм хувь тавилантай хувьтай хүмүүстэй ууланд авирч, тэндээ гэгээрлийн замыг олсон япон эмэгтэй. Энэтхэгийн 18 газарт гэгээрсэн гэдгээ баталж, Самади үйл хийж давж гарсан анхны гадаад эмэгтэй билээ. Самади гэдэг нь газар дор нүх ухаж жижиг өрөө гаргаад таглаж, шороогоор булаад гурав, дөрвөн өдөр нүхэнд хоол ус, агааргүй орчинд бясалгал хийхийг хэлнэ. Энэ үйлийг хийж амь эрсэдсэн хүн олон байдаг учраас  тусгай зөвшөөрөлтэй хүн самади хийх эрхтэй байдаг.


Багш маань одоо 78 настай, эрүүл саруул сайхан хүн бий. Багшийнхаа ачаар маш үр дүнтэй өөрийн дотоод ертөнцийн асуудлуудаа шийдэж чаддаг болсон.


-Хорт хавдрыг сэтгэл зүйгээрээ давна гэхээр нэг л бууж өгөхгүй байна. Үнэхээр сэтгэлээ удирдаж чадвал ямар ч өвчнийг давж туулж чадна гэж үү?

-Их том бясалгал хийгээгүй ч бүх зүйлээ багшдаа даатгасан. Хүүхэдтэйгээ байгаа үе мөчийг аз жаргалтай өнгөрүүлье гэж бодсон. Манай багш хэлэхдээ, чиний бүх зүйл дотор чинь байгаа гэж хэлдэг. Дотроос чинь байгаа юм чинь ундардаг. Байгаа зүйлдээ баярлах хэрэгтэй. Би өөрийгөө л хайж эхэлсэн. Байгалиараа болоод ирэхээр энэ надад хэрэгтэй, хэрэггүй зүйлээ ялгаад эхэлдэг юм байна. Өөрийнхөө энергийг өөртөө зориулах хэрэгтэй. Хэн нэгнийг дуурайх шаардлагагүй. Өөртөө байхгүй зүйлийг хүсэхээр маш их энерги зарцуулдаг. Энерги зөв зарцуулаад эхэлбэл бүх асуудал шийдэгддэг. 


-Япон хүнтэй гэр бүл болоод ирэхэд юуг аз жаргал гэж харсан, юуг дутуу гэж боддог вэ?

-Хүүхэд нас маань нэгдүгээр хороололд өнгөрсөн. Аав, ээж намайг 15 настай байхад байраа худалдаад гэр хороололд нүүж амьдарсан. Монголд оюутан байхдаа гэр хороололд амьдардаг гэдгээсээ ичиж, нуудаг өөртөө итгэлгүй охин байв. Цэвэрхэн, соёлтой, залуутай үерхэж найзлах гэсэн мөрөөдөл дотроо тээгээд, заримдаа бүтэшгүй гэж боддог байлаа. Харин Японд оюутан болоод нөхөртэйгөө танилцахдаа миний мөрөөдлийн залуу мөн байна гэж бодсон. Тиймээс бид гэр бүл болж, дөрвөн сайхан хүүхдийн эцэг, эх болж яваадаа их бахархдаг. Мэдээж хүний амьдрал болохоор санал зөрчилдөх зүйл байдаг ч бүх зүйл дээр ойлголцож амьдардаг. Намайг хүндэлж хайрлаж явдагт нь талархдаг. Бүх зүйл цаг хугацаатай, хэмжээтэй, хязгаартай учраас одоо байгаа бүхэн минь надад хангалттай аз жаргал юм.

                                                                                                  Осака хот. Сэтгүүлч В.Сарантуяа 

Холбоотой мэдээ