ХЭНТИЙ: Шилдэг багш нарыг тодруулж 5-25 сая хүртэлх төгрөгөөр шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-12-20 16:31:55
Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын санаачилгаар шилдэг багш шалгаруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, тэргүүлсэн багш нарыг 5-25 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Багш нар хичээлийн арга зүй, туршлагаа солилцох, харилцан суралцах, тэдний нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой "Би Хэнтийн багш" уралдаан гурван үе шаттайгаар үргэлжлэв.

Төгсгөлийн шатанд цэцэрлэг, сургуулийн нийт 57 багш шалгарч, Дэлхийн иргэний боловсрол, ТХБ-ын сэдвээр хамтын хичээл зааж, Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих модульт болон үндсэн сургалтаас сурсан арга зүйгээ багшлахуй, суралцахуйд тусган харэгжүүлсэн үр дүнгээр бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.

Уг уралдааны гурав дахь шатанд оролцсон багш нараас 1-3 дугаар байрт шалгарсан таван багш тус бүрийг 5-25 сая төгрөгөөр, 21 багш тус бүрийг 500 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Багш нарын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах, ур чадварыг нь бодитоор үнэлэх, харилцан туршлага солилцох зорилготой “Би Хэнтийн багш” уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж. 
Холбоотой мэдээ